ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛЫГ АШИГЛАХ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛД БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийгэм, Эдийн засаг

   Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тус улсаас манай улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун болон түүний багийнхныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар ЕСБХБ-ны хийсэн судалгаагаар Монгол Улс геологийн потенциал өндөртэй улсын нэг гэдгийг тэмдэглээд, салбарын хэмжээнд шинэ технологи нэвтрүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой “Газрын ховор металлын судалгааны төв”-ийг байгуулах чиглэлээр Солонгос улстай хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.

Элчин сайд Ли Ё Хун БНСУ батерей үйлдвэрлэлээр дэлхийд 2-рт ордог бөгөөд батерейн түүхий эд болох газрын ховор металлын чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдсан.  Мөн солонгосын дэвшилтэт технологи, know-how-г нэвтрүүлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг бүс нутгийн хэмжээнд оновчтой төлөвлөх жишиг төсөл хөтөлбөрүүдийг санаачлах, төлөвлөгөө гарган ажиллахад БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци /МИРЕКО/-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

“Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Санамж бичгийн хүрээнд геологийн суурь судалгаа болон ашигт малтмал, газрын тосны хайгуул, боловсруулалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, сургалт семинар зохион байгуулах, мэргэжилтэн экспертүүдийг харилцан солилцох боломж бүрдсэн юм.