Юм үзээгүй Монголчууд

Эрэн сурвалжлах

 ДУГААРЫН 60 МӨР

   Өнгөрсөн зууны эхээр шинэ үеийн хөгжил дэвшлийн замд дөнгөж орсон ч дэлхийн жишгээс хоцорч ганц улсын хараат байсаар 1990 оноос дэлхий нийтийн жишигт нийцэн манай гаргийн улс орнуудтай ижил тэгш харилцаа холбоо тогтоон орчин цагийн шинжлэх ухаан техникийн дэвшилтэй залгасан болохоор монголчууд та бид үнэхээр юм үзээгүйгээ харуулах юм. Хамгийн наад зах нь цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ачаар зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж хүн бүр хувийн өмчтэй болсноор өмнөх нийгэмд аминда амашинтай хүн цагдаагийн байнгын хяналтад байсан бол та бид хувьдаа машинтай байх эрхээр хангагдсан. Гэтэл мотор дуугарч, дугуй эргэж байхад хүрдэг нь адил байсаар байтал баян тарганаа гайхуулах гэсэн зарим нь хотын дотор газар сайгүй явагч буюу ЖИП хөлөглөн тансаглана. Гарцаагүй ийм машин унах шаардлагатай хөдөө гадаа явж ажилладаг хүн байхыг үгүйсгэхгүй ч ийм машинтай хүмүүсийн олонхи нь зүгээр л гайхуулах гэж ийн тансаглана. Гар утас гэж нэг монголчууд бидний том хүн, хүүхэд ялгалгүй бүгдийг донтуулсан зүйл байна. Угтаа бол холбоо барих, мэдээлэл хүлээн авахад чухам 3210-аас бусад утас болоод баймаар. Гэтэл Аpple, Samsung гээд электрон техникийн корпорациуд шинэ утас гаргангуут л бүгд тийшээ хошуурч мөнгөөр зодон худалдаж авах гэж хуйларна. Үнэхээр гар утсаараа хамаг ажлаа амжуулдаг, IT технологийн мэргэжилтэн энэ тэр бол яана гэхэв. Нөгөө нэг зүйл нь нэг их ажил хэрэгч хүн болох гэдэг юм уу, эсвэл элдэв зүйлд үнэхээр сониуч юм уу, гар утаснаасаа сална гэж үгүй. Автомашин жолоодож явахдаа ч, автобусны жолооч хүртэл гар утаснаасаа хөндийрөхгүй, гарцан дээр зогсонгуут л утсаа шүүрч аваад ширтчихнэ. Ногоон гэрэл асчихаад байхад л утсаа ширтээд явахаа мартчих жишээний. Бүр больчхоод төр засгийн тэргүүн, УИХ-ын гишүүд маант хааяа нэг суудаг нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаан дээр утастайгаа зууралдаад байдаг нь бүр хэтрээд гадаадын хүндтэй зочидтой уулзах албан ярианы үед, төрийн хүндэтгэлийн арга хэмжээнүүд дээр ч ер хэнэг ч үгүй утсаа маажаад сууж байна. Германд айлчилж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд нь ерөнхий сайдыг угтан авах ёслолын үеэр гар утсаа маажаад зогсч байгаа нь германчуудын нүдийг бүлтийлгэх нь тэр. Ажил хэрэгч, ёс журмыг нарийн баримтлагч немцүүд манай хэдэн тэнэг дарга нарыг “энэ монголчууд ямар ажил хэрэгч, чөлөө завгүй хүн бэ..” гэж хараагүй нь лавтай. Улс орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй манай тэд бол мэдээж хувь аминыхаа л бизнес, хулгай луйвраа ярьж байсан л даа. Одоо бас дарга нарын цүнх барьж сая нэг юм албан тушаалын захад хүрсэн жижг түшмэл, хурган дарга нар зангиа костюм болоол л аягатай кофе барьж гудамжаар алхлан гайхуулах болж. Нэг их яараад байгаа юм уу гэтэл үгүй, нэг гартаа кофегоо барьж, нөгөө гараараа аанай л гар утсаа чихэндээ нааж “нэг их ажил хэрэгч” дүр эсгэнэ. Уг нь эрүүл ухаантай хүн бол ажил дээрээ ч юм уу, кофе шопод борголоо уучхаад, гадаа явахад утас дуугарвал онц яаралтай аминд тулсан юм л биш бол “би гадаа явж байна” гээд тасалчихаж болмоор. Даанч юм үзээгүй хүн чинь том “дарга” болсон, их ажил хэрэгч хүн гэдгээс гадна хамгийн үнэтэй утастай гэдгээ гайхуулах гээд энэ нь хэм хэмжээнээсээ хэтэрч харин ч бүр шог, бүдүүлэг гэдгээ гайхуулж байгаа нь энэ. Ер нь дарга нарын цүнх барьж явж ямар нэг хурган даргын албан тушаалд очсон хүн бол андашгүй, хараа хүний толгой дээгүүр, яриа гэж хоолой шахсан, явж байгаа гэдэг бүр янзтай... ийм хүмүүс засгийн газар нийслэлийн харьяа албан байгууллагуудын дэргэд “тасн хүүхэлдэй” адил бишгүй нэг тааралдана. Зайлуул мөн л хүний цүнх барихаас өөрөөр албан тушаал, ажил хэргийн захад ч хүрч үзээгүй ёстой “юм үзээгүй” хүний л төрх. Ер ийн юм үзээгүй монголчууд бид ёстой л “ганган явах гэж алцан явав” гэгч л болж байгаа нь энэ. Айдаа юм үзээгүй монголчуудаа гэж.....

                                                                                                     "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН