БНАСАУ баллистик пуужин харваснаа тайлбарлалаа

Дэлхийн мэдээ

   БНАСАУ саяхан Япон тэнгисийн зүг баллистик пуужин харваж туршсанаа бүс нутаг дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлж байгаа АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэмээн тайлбарласныг Умард Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ. Умард Солонгос саяхан ойрын тусгалтай хоёр баллистик пуужин Япон тэнгисийн зүг харваж туршсан юм. “Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг дэврээх АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтын эсрэг Солонгосын ардын армийн энэ шударга арга хэмжээний талаар АНУ, түүний хамсаатнууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандсаныг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам эрс эсэргүүцэж байна” гэж мэдэгдэлд дурдсаныг Солонгосын мэдээллийн агентлаг иш татан мэдээлсэн байна. Пеньян бас америкийн нисэх онгоц тээгч “Рональд Рейган” хөлөг Солонгосын хойгийн эрэгт ойртож байгаа нь бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна гэжээ. БНАСАУ-ын зүгээс пуужин харвасны дараа Америкийн нисэх онгоц тээгч, атомын “Рональд Рейган” хөлөг Япон тэнгист эргэн очсон тухай Ренхап агентлаг үүний өмнө мэдээлсэн. Умард Солонгос өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн пуужин харваж туршсан нь бүгд баллистик пуужин байсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн лхагва гарагт БНАСАУ-ын асуудлаар хуралдаад Умард Солонгосын үйлдэл нь АНУ болон Холбоотнуудыг өдөөн хатгасан явдал гэсэн байна. Гэхдээ Аюулгүйн зөвлөл хуралдааныхаа дүнгээр нэгдсэн мэдэгдэл гаргаагүй юм