ОРОСЫН ДАЙЧЛАГДСАН ШИНЭ ДАЙЧИД ХЭРХЭН ТУЛАЛДАЖ БАЙНА ВЭ

Дэлхийн мэдээ

   Оросууд өөрийн хяналтад авсан Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсуудаас хэдэн сарын туршид дайчилгаа явуулж байсан нь зүгээр ч нэг бүх нийтийн дайчилгаа биш эрчүүдийг жинхэнэ “агнаж” гудамжнаас, чиглэлийн автобуснаас шууд дайчлан фронт руу илгээж байжээ. Янз бүрийн насны, төрөл бүрийн хүнийг л татаж Донецкийн ардын бүгд найрамдах улс, оросын талд илгээсэн, ихэнх хүмүүс нь бөөн айдас байдаг байлаа гэж шинэ дайчин Би-би-сигийн сурвалжлагчид ярьжээ. “Дэлбэрэлт болохоор л нуувчны буланд нуугдан хэвтээд, зарим нь бүр паникт орчихдог, тэднийг сэхээрүүлж жагсаалд нь оруулах гэж бөөн ажил” гэж тэр ярьсан байна. “Донецкийн батлан хамгаалахын сайд” асан Игорь Гиркин өөрийн блогтоо цагдаагийн эгнээнд байлдагсад, тэр бүү хэл ротын захирагч нь автомат буугаа ч цэнэглэж чадахгүй байсан тухай бичжээ. Тэгээд ч ямар ч бэлтгэлгүй салаа салбаруудыг инженерийн хэрэгслээр ч хангадаггүй, гэсэн атлаа ихээхэн хэсэг газрыг хамгаалуулахаар явуулдаг байсан гэж Гиркин үнэнийг бичжээ. Өөрийгөө бүгд найрамдах улс гэж тунхагласан Донецкт 2014 онд “Восток” батальоны захирагч байснаараа нэрд гарсан Александр Ходаковский бас ямар ч бэлтгэлгүй салаа салбарууд, тэр ч байтугай дарга нар нь ч байлдааны туршлагагүй байсан тухай өөрийн телеграмм хуудсандаа бичсэн байна. “Дайчилгаа зарлахаас ч өмнө байгуулагдсан ангиудын дайчид бол ёстой амьтны хүрээлэнд төрж өссөн зэрлэг амьтдын зан байдлыг санагдуулам байлаа” гэжээ Олон нийтийн сүлжээгээр явж байгаа мэдээллүүдээс үзэхэд дайчилгаагаар татагдсан, цэргийн албаны ямар ч мэдлэггүй эрчүүдийг шууд л фронт руу илгээж байлдаж байгаа ангиудыг нөхдөг гэсэн байна. Зарим хэсгийг нь ч бас сургалтын төвүүдэд илгээж бэлтгэн, байлдааны шинэ анги бүрдүүлдэг байна. Гэхдээ ОХУ-ын Батлан хамгаалах яам болохоор бэлтгээгүй дайчдыг тэргүүн шугам руу илгээхгүй байгаа гэж баталсаар байгаа юм.