Я.ГАНБОЛД: ХЭЭЛТЭГЧ, ХЭЭЛТҮҮЛЭГЧИЙН ХАРЬЦАА АЛДАГДСАН ТУЛ МАЛЫН ГАЖ ТӨРӨЛТ ИХ БОЛСОН

Улс төр

-Уранаас мал хордсон гэдгийг өнөөдрийг хүртэл хэн ч батлаагүй-

Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдтой уул уурхайн хайгуул олборлолттой холбоотойгоор малын эндэгдэл, хорогдол, гаж төрөлт байгаа эсэх талаар ярилцлаа.

-Уул уурхайн олборлолт, хайгуул их байдаг газруудад малын гаж төрөлт, түүнээс үүдсэн эндэгдэл хорогдол гардаг гэж иргэд ойлгодог энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Нэгэн асуудлыг эхэнд нь хэлэхэд хэрэв тухайн газар нутагт уул уурхайн хайгуул тандалт судалгаа хийх гэж байгаа бол заавал мал эмнэлгийн байгууллагаас дүгнэлт гаргуулсан байна гэдэг зүйлийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд оруулж өгсөн. Уг заалтыг яагаад оруулж өгсөн гэхээр аль нэг уул уурхайн компани тухайн газарт үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө малын өвчин ямар байсан. Хэрэв эрүүл байсан бол ямар ямар ажил хийхийг нь мал эмнэлгийн байгууллага, малчин, Засаг дарга, уул уурхайн компанид нь хэлж өгнө. Үүнээс гадна сүүлийн үед уул уурхай, газар ашиглалт зэргээс болж гардаг технопат буюу техникийн гаралтай хүний болон техникийн хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг өвчнүүд манайд байдаг. Жишээ нь хар тугалга, цианидын хордлого гэх мэтчилэн асуудал бий. Гагцхүү энэ дотор ураны хордлого гэж би хэлэхгүй. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл хэн ч нотлоогүй. Ийм өвчнүүдийг технопатын өвчин гэж нэрлэдэг. Гэтэл энэ техникийн гаралтай өвчнүүдийг тусад нь судалдаг нэгж манайд алга. Төв лабораторид байгаль орчноос шалтгаалсан өвчнийг оношлохоод явж байна. Нөгөө талаасаа ийм өвчнүүдийг зөвхөн хар тугалга, цианид ч гэдэг юм уу эдгээрээр хязгаарлаж болохгүй. Учир нь өнөөдөр маш их экологийн өөрчлөлт явагдаж байгаа. Жишээ нь хур тунадас, дулаан, салхи үүнийгээ дагаад хөрс, ургамал, усны өөрчлөлтүүд гардаг. Энэ том өөрчлөлтүүд дунд ус, өвс ургамлаар ундалж, хооллож байгаа мал өвчлөхөөс өөр аргагүй. Яагаад гэхээр дасан зохицох асуудал байгаа хэдий ч тэр нь их удаан явагддаг. Өнөөдөр 25 хэмийн дулаанд бэлчиж байсан малд 40 хэмийн дулаан болоход бодисын солилцоо, био химийн өөрчлөлтүүд явагдаж өвчин үүснэ. Тиймээс эндсэн мал бүрийг хар тугалга, цианид, уранаас болсон гэж хэлж болохгүй. Засгийн газрын тогтоолоор мал эмнэлгийн байгууллага таван удаагийн шинжилгээг тодорхой газар нутгуудад хийсэн. Үүнээс хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөөгөөр ямар нэгэн мал өвчилсөн шалтгаан байхгүй гэдэг дүгнэлт гарсан. Гэтэл үүнийг нийгэмд буруу ойлголт төрүүлж байгаа зүйлүүд байна. Тухайлбал, аль нэг аймагт эндсэн малыг хотод авчирч задлан хийдэг. Энэ бол хууль зөрчсөн, чанга хэлэх юм бол гэмт хэрэг. Өнөөдөр манай мал эмнэлгийн салбар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой судалгаа хийж байна. Гэхдээ малын өвчлөлийн бүх шалтгааныг тогтоох өргөн хүрээний судалгаа хийх хэрэгтэй байгаа юм. Бид шалтгааныг нь тогтоогоод хар тугалга, ураны хэмжээ ийм байна гэж шуугиан тарих гэж байгаа юм биш. Шалтгаан нь юу байна, энэ шалтгааныг яаж арилгавал мал өвчлөхгүй вэ гэдэг л бидний зорилго. Мөн малчдадаа хандаж хэлэхэд өвчилсөн, эндсэн малаа мал эмнэлэгтээ үзүүлдэггүй. Дараа нь асуудал үүсэхэд энэ ус, хөрснөөс боллоо гэж ярьдаг. Мал эмнэлгийн дундын хоршоо 2018 онд 21 аймагт малын гаж хөгжил тэр дундаа ямар гаж хөгжил их байна юунаас шалтгаалав гэдэг судалгаа хийсэн. Уг судалгаа гурван сар хэртэй үргэлжилж, 180 гаруй малын эмч, 21 аймгийн 500 гаруй малчид оролцсон. Судалгаанаас харахад хамгийн их тохиолдож байгаа гаж хөгжил нь хоёр толгойтой, нүдгүй, бөгс нь битүү байгаа харагдсан. Эдгээрийг аймаг аймгаар нь аваад үзэхэд 2018 онд Архангай аймагт 33, Дорноговь аймагт 11 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь хамгийн их болоод бага тохиолдол бүртгэгдсэн аймгууд юм. Ийм гаж үзэгдэл бүх аймгийн мал сүрэгт тохиолдож байна. Дорноговь аймгийн асуудалтай холбогдуулаад хэлэхэд сүүлээсээ хоёрт буюу бусад аймгуудтай харьцуулахад бага байгаа. Дээрх судалгаа нь мал эмнэлгийн байгууллагууд оролцож, дүнгээ гаргасан судалгаа. Тэрнээс биш аль нэг газраас авсан судалгаа, тоо баримт биш. Энэ гаж төрөлтийн гол шалтгааны талаар малчид, малын эмч нартай уулзаад ярихад хээлтэгч, хээлтүүлэгчийн харьцаа алдагдсан асуудал байдаг. Өөрөөр хэлбэл генетикийн алдаа, дараад нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац, гуравдугаарт нь уул уурхайн асуудал орж ирсэн. Үүн дотроо уул уурхайтай аймагт ч адилхан уул уурхайгүй аймагт ч адилхан тохиолдож байгаа нь харагдсан. Одоо тэгвэл яах ёстой гэхээр гол асуудал нь бэлчээрийн зөв ашиглалт, хувь малчны хариуцлага хамгийн чухал.

-Уул уурхайн компани, малчдын хоорондын уялдаа холбоо үүнд мал эмнэлгийн салбарын оролцоо ямар байна гэж та харж байгаа вэ?

-Уул уурхай бол төрийн бодлогоор явагддаг тийм болохоор манай малчид энэ дээр дуулгавартай хандах хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр эхнээс нь төлөвлөлтөө их сайн хийх хэрэгтэй. Нутгийн удирдлагууд малчид манай нутагт ийм ажил явагдана шүү гэж эртнээс хэлэх ёстой. Гэтэл нэг өдөр гэнэт хаанаас ч юм том машинтай хүмүүс танай нутагт ийм юм хийнэ гээд ирэхээр бас нэг талдаа малчдын эсэргүүцэх зөв ч юм шиг. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн газар нутаг тэндээ мал нь ч гэсэн дассан байдаг. Гэсэн хэдий ч манай малчид зарим зүйл дээр эх орон ч сэтгэлээр хандах хэрэгтэй. Ерөнхийдөө энэ хоёрын уялдаа харилцааг төр л зохицуулалт хийж иргэн нь иргэнийхээ үүргийг биелүүлж мэдээж тэнд үйл ажиллагаагаа явуулсан компани хариуцлагатай хандах нь зөв. Мал эмнэлгийн зүгээс тодорхойлолт гаргуулдаг болчихвол хэн хэндээ амар. Жишээ нь энэ нутагт боом өвчинтэй байсан байна шүү гэдэг тодорхойлолтыг нь гаргачихвал хоёр талд ойлголцоход дөхөм болно. Мөн дээрээс нь мал эмнэлэгт энэ технопат чиглэлийг нь хөгжүүлээд хоёр талд зөвлөгөө өгөх эсвэл дүгнэлт гаргадаг болбол малчид, уул уурхай хоёрын бас нэг холбох гүүр нь болж явах байх гэж харж байна. Малын генетик нөөцийн тухай хуульд мал хамгаалах гэж зүйл бий. Мал хамгаалах гэхээр малчид мал төрийн хамгаалалтад байх ёстой гэж том том зүйл ярьдаг. Энэ бол үгүй юм. Малаа хамгаалах нь малчин хүний өөрийнх нь үүрэг. Хамгийн наад зах нь малаа хашихаас авхуулаад эхэлнэ. Яагаад гэвэл 50-100 километрийн цаана малд сөргөөр нөлөөлдөг бодис байна гэхэд яагаад өөрөө малаа хамгаалахгүй байгаа юм бэ. Одоо бид нар хууль ярих юм бол мал өвчилж байна гэж орилох биш та яагаад малаа хамгаалахгүй байгаа юм бэ гэдгийг ярих ёстой. Малчинтай холбоотой хуулийн 19 заалтыг малчид гэлтгүй иргэд мэддэг байх хэрэгтэй.

Мал эмнэлгийн тогтолцоо болоод малын шүүх эмнэлэг байгуулчихвал эдгээр асуудалд хэрхэн нөлөөлөх вэ?

-Монголын мал эмнэлэгт шүүх мал эмнэлэг гэж юм байх ёстой. Энэ бол дэлхийн шаардлага. Өнөөдөр манайд малын шүүх эмнэлэг байхгүй. Социализмын үед Мал эмнэлгийн удирдах газар гэж байхад мэргэжилтэн хүртэл байсан. Тэр хүн нь шүүх эмнэлгээ хариуцна. Янз бүрийн асуудал гарахад оношоо тавиад, судалгаа хийдэг байлаа. Гэтэл үүнийгээ устгасан. Үүнээс болж шүүх эмнэлгийн ямар ч тогтолцоо байхгүй, Мал эмнэлгийн ерөнхий газарт уг асуудлыг хариуцсан мэргэжилтэн ч байхгүй. Манайд Мал эмнэлгийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль гээд 2018 оны нэгдүгээр сараас мөрдөгдөөд явж байгаа. Энэ дагуу манай байгууллага мал эмнэлгийн босоо тогтолцоотой болсон. Мал эмнэлгийг 1998 онд хувьчилснаас хойш мал эмнэлгийн тогтолцоо байхгүй болсон. Хувьчилж дууссаны дараа 2000 оны эхээр шүлхий өвчин гарсан. Яагаад гэвэл мал эмнэлэг байхгүй болсонтой холбоотой. Улмаар 2018 оны наймдугаар сарын 25- наас шүлхий өвчин гараагүй байж байгаад өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж шүлхий өвчин гарлаа. Уг нь 2018 оны зургадугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаад анхны ажил нь малын шүлхий өвчинтэй тэмцсэн. Тэгээд шүлхий гараагүй гурван жил болсон. Харамсалтай нь өнгөрсөн гуравдугаар сард гарчихлаа. Ийм байдлаар мал эмнэлгийн үйл ажиллагаа явж ирсэн.