УКРАИНЫ СӨРГӨЛДӨӨНИЙ АЛЬ Ч ТАЛЫГ ИРАН ДЭМЖИХГҮЙ

Дэлхийн мэдээ

Иран улс Орост нисгэгчгүй аппарат нийлүүлэх гэж байгаа юм уу гэсэн сэтгүүлчийн асуултад Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиан Украины сөргөлдөөнд оролцогч аль ч талыг Тегеран дэмжихгүй гээд Киев ч бай, Москва ч бай аль ч талд нь зэвсэг нийлүүлэх нь буруу гэж үзэж байна хэмээн хариулсан байна.

“Оростой батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээр бидэнд бий. Гэхдээ украины дайныг сунжруулахад хүргэж мэдэх тул бид аль ч талыг нь дэмжихгүй. Бид Украины ч бай, Йемений ч бай, Палестины гээд ямар ч дайны эсрэг шийдвэртэй байгаа. Бид  бас Украинд гал зогсоох, энх тайван тогтоохын төлөө бүхий л хүч чармайлтаа гаргана. Украинд ч бай, Орост ч бай сөргөлдөгч талын алинд нь ч зэвсэг нийлүүлэхийг бид буруу гэж үзэж байна. Энэ хямралыг улс төрийн  яриа хэлэлцээрээр шийдэх, ийм яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө бид байна” гэж Абдоллахиан АНУ-д байрладаг Al-Monitor интернэт хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Орос улс Иранаас байлдааны нисгэгчгүй онгоц худалдаж авсан тухай сэдвийг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  зохиомлоор цацсан гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өмнө нь мэдэгдэж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковч бас Ираны нисгэгчгүй онгоцыг ОХУ-д нийлүүлсэн тухай"Вашингтон Пост" сонинд нийтэлсэн тухайд  энэ хэвлэл сүүлийн үед маш их худал цуурхал тарааж байна  гэж мэдэгджээ.