ЗАВХАН АЙМАГТ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

      Иргэдийн ая тухтай, эрүүл амьдрах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой төсөл орон нутгуудад хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь Завхан аймагт хоногт 3000 м3 бохирыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих ажил юм.  

      Завхан аймаг одоогоор хоногт дунджаар 1300 м3 цэвэр ус олборлон түгээж, 1170 м.3 бохир усыг татан зайлуулж, 73 хувьтай цэвэрлэж байна. Шинээр барих цэвэрлэх байгууламж нь Биологийн цэвэрлэгээний байгууламж бөгөөд лагийг боловсруулж бордоо гаргах, бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх бөгөөд хүчин чадал нь 3 дахин нэмэгдэж байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламж болох юм.  

       Энэхүү төслийг Монгол улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд талууд хамтран хэрэгжүүлж байна.