Хөл хорио зарим бизнесийг улам цэцэглүүлж байна

Эрээн мяраан

Цар тахал түүхэн дэх хамгийн том эдийн засгийн хямралуудын нэгийг авчирч байгаа хэдий ч зарим бизнесийн хувьд хөгжлийнх нь хөшүүрэг болж байгаа бололтой. Жишээ нь хүмүүс хөл хорионд орж, гэртээ байх болсноор гэрийнхээ дотоод засал чимэглэл, засвар зэрэгт анхаарлаа хандуулсан нь тус чиглэлийн бизнес эрхэлдэг компаниудын орлогын үүдийг нээх шиг л болжээ.

БАРИЛГА

Цар тахал АНУ-ын эдийн засагт маш том цохилт болж, ихэнх бизнес эрхлэгчид хямралд өртөн, ажлын байр асар хурдтай цөөрч байгаа өнөө үед зарим бизнес амжилттай хэвээрээ байж чадаж байна. Жишээ нь АНУ-ын засгийн газрын мэдээлснээр долдугаар сард барилга барих зөвшөөрөл хүсэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. Мөн хуучин байраа зарах явдал тавдугаар сараас зургадугаар сарын хооронд 20.7 хувиар өсч, шинэ дээд амжилт тогтоосон байна. Хотын иргэд цар тахлаас болж олноороо хөдөө газар бараадан нүүцгээж байгаа нь дээрх үйл явдлын хамгийн том шалтгаан болж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Ямар ч шалтгаантай байлаа гэсэн шинэ барилгууд гэдэг бол Лоуйс, Хоум Депот зэрэг компаниудад шинэ ажил гэсэн үг болж байна. Тухайлбал барилгын материалын сүлжээ дэлгүүр Лоуйс энэ оны хоёрдугаар улиралд орлого нь 30 хувь, цахим худалдаа нь 135 хувь нэмэгдсэнийг мэдэгдсэн байна. Мөн ижил үйл ажиллагаа явуулдаг Хоум Депот дэлгүүрийн орлого ч гэсэн долдугаар сард 23 хувиар өссөн аж.

АМБААР

Зайнаас буюу гэрээсээ ажиллах нь сая сая ажилчдын хувьд цаашдаа ч өөрчлөгдөхөөргүй амьдралын хэв маяг болсноор хүмүүст гэртээ оффис тохижуулах, заримд нь бүр арын хашаандаа шинэ оффис барих шаардлага тулгарч эхэлсэн байна. Хөл хорио эхэлснээс хойш дээрх асуудалтай холбоотойгоор амбаар барьдаг компаниудын ажил ундарч эхэлжээ. АНУ даяар олон компанийн ажилчид гэрээсээ ажиллаж байгаа билээ. Гэтэл олон хүүхэдтэй, олуулаа амьдардаг гэр бүлийн хувьд хэн нэгэн нь гэртээ ажиллаж байх зуур нь томоотой, чимээгүй байна гэдэг бараг л боломжгүй зүйл юм. Тиймээс хүмүүс арын хашаандаа амбаар бариулж, түүндээ зөвхөр ажлын зориулалттай оффис тохижуулах санааг сайшаах болсон байна. Хүмүүс голдуу 5-24м.кв хэмжээтэй, 10500 ам.доллараас эхлэх үнэтэй амбаар бариулж байгаа аж.

ГЭРИЙН ФИТНЕСС

Хөл хорионоос болж бялдаржуулах төвүүд хаалгаа барьсан тул хүмүүс гэртээ дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болжээ. Энэ нөхцөл байдал гэрийн фитнес төхөөрөмж, хэрэгсэл зардаг Пелотон зэрэг компаниудад ээлтэйгээр эргэсэн байна. Тухайлбал Пелотон бренд л гэхэд энэ жил орлого нь 130 хувиар өссөн гэнэ. Үүнийг анзаарсан Apple хүртэл гэрийн фитнесс төхөөрөмжүүд эрчимтэй үйлдвэрлэж эхэлсэн байна.

ЦЭВЭРЛЭГЭЭ

Хүмүүс үргэлж гэртээ байснаар гэрийнхээ ариун цэвэрт өмнөхөөсөө илүү анхаарч эхэлсэн бололтой. Учир нь цэвэрлэгээнд шаардлагатай бара бүтээгдэхүүнүүдийн борлуулалт энэ жил эрс нэмэгдсэн байна. Түүнээс гадна үргэлж тоос соруулсаар байгаад залхсан хүмүүс тоос сорогч робот худалдаж авах нь хэзээ ч байгаагүйгээр нэмэгдсэн байна. Тухайлбал тоос сорогч робот үйлдвэрлэдэг iRobot компанийн хувьцаа энэ жил 47 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: CNN.COM