Пауэрлифтингийн ДАШТ-ээс монголчууд 11 медаль хүртлээ

Соёл урлаг, Спорт

Туркийн Станбул хотод болж байгаа 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин хүч үзэж байна.

Өсвөр үеийнхний хөвгүүдийн 93 кг-ын жингийн суултын төрөлд Б.Эрхэмжаргал 242.5 кг-ыг өргөж мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай татсанаар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нийлбэр дүнгээр 637.5 кг-ыг өргөж энэ тэмцээнээс хүрэл медаль хүртэж байна.

Өсвөр үеийнхний охидын 76 кг-ын жингийн шахалтын төрөлд Ч.Халиунаа 92.5 кг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн 83 кг-ын жинд Б.Содбаатар шахалтын төрөлд 155 кг-ыг шахаж  мөнгө, таталтын төрөлд 230 кг татан мөнгөн медаль хүртжээ. Тэр нийлбэр дүнгээр 625 кг-ыг өргөж, хүрэл медалийн эзэн болсон байна.

Тэмцээн эхэлснээс хойш Монголын зургаан тамирчин медалийн тавцанд гарч нийт 11 медаль хүртсэн амжилттай байна.  Тэмцээн есдүгээр сарын таван хүртэл  үргэлжилнэ.