“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” арга хэмжээ болно

Соёл урлаг, Спорт

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” гэсэн арга хэмжээг  есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд  зохион байгуулах гэж байна.

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийн үеэр Солонгосын соёл урлаг сурталчлах  төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Энэ хүрээнд есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толилуулж, уран сайхны  “Little forest” кино үзүүлнэ.

Есдүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулах бол есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явуулна.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа  БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асар дэлгэн,  хөнгөлөлт урамшуултай үйлчлэх юм байна. Мөн  Солонгосоос гоо засал, нүүр будгийн баг  ирж K-Beauty Make Up шоу зохион иргэдэд үйлчлэхээр төлөвлөөд байгаа юм байна.