Г.Адилбиш: Дорнод аймгийн таван сая га талбайг “Петро Чайна Дачин Тамсаг” компани ашиглаж байна

Эрэн сурвалжлах

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Петро Чайна Дачин Тамсаг компани ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа Матад, Халхгол сумдтай Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалтыг хангахтай холбоотойгоорбайгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг шахах шаардах эрх бүхий албан тушаалтан, орон нутгийн удирдлагууд ажиллахгүй байгааг “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аасшүүмжлээд байгаа юм.Мөн тэд олборлосон газрын тосны 24 хувийг хүртдэг Монголын талын эзлэх хувийг 50 хувь болгон гэрээг өөрчлөхөөс нааш бидний жагсаал зогсохгүй  гэдгийг хатуу мэдэгдэж газрын тос тээвэрлэдэг том оврын ачааны машинынуудыг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэдний тавьсан энэхүү шаардлагын хүрээнд хоёр тал Засгийн газар, яам агентлагын холбогдох албаны хүмүүстэй эхний уулзалтыг хийжээ. Гэвч “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн Г.Адилбиш  болон нутгийн иргэдийн шаардсан асуудлуудыг 100 хувь шийдээгүй болохоор жагсаал, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

"Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн Г.Адилбишээс тэдний шаардлагыг хэрхэн хүлээж авсан мөн тэмцэл ямар шатандаа явж байгаа утсаар тодрууллаа.

Тэрбээр “Эхний хэлэлцүүлэг хийснээс хойш нийтдээ 72 цаг өнгөрөөд байна. Өчигдөр дахин нэг хэлэлцүүлэг хийхэд нутгийн удирдлагууд ард иргэдэд хандан эхний удаад ачилтаа хийсэн байгаа 48 машиныг гаргах хэрэгтэй гэдгийг бидэнд мэдэгдсэн. Бидний зүгээс тэдгээр машинуудыг гаргахгүй гэдэг байр суурыг хэлсэн зөвхөн бидний өгсөн таван шаардлагыг 100 хувь хүлээж хэрэгжүүлсэн цагт жагсаал тэмцлээ зогсоон гэдэг хатуу суурьтай байгаа. Бидний хүргүүлсэн шаардлага дундаас хамгийн эхэнд буюу онцлох нь “Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.а.1 “Хуанлийн сарын хуваах тосны өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага байвал Монголын Засгийн газарт 40 хувь гэрээлэгчид 60 хувь нь ноогдоно” заалтыг “Хуанлийн сарын хуваах тосны өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага байвал Монголын Засгийн газарт 84 хувь, гэрээлэгчид 16 хувь нь ноогдоно” гэж өөрчлөх юм.

УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс ирсэн тэд ч мөн адил эдгээр машинуудыг хилээр гаргах тал дээр санал нэгтэй байна. Энэ дунд нэг зүйлийг онцлоход Дорнод аймагт газрын тосны хайгуул ашиглалтын зургаан талбай байдаг. Нэг үгээр хэлбэл Дорнодын 14 сумын 11 нь их, бага ямар нэгэн хэмжээгээр газрын тосны ашиглалтын талбайд орчихсон. Тодруулбал 17, 18, 19, 20, 21, 28 гэсэн зургаан дугаартай талбай байгаа үүний дөрөв дээр нь бид 2019 оноос хойш хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж акц явуулсан. Мөн төрийн байгууллагууд  тэдний зөрчлийг мэдээд байгаа атлаа дуугардаггүй, ажлаа хийдэггүй. Өнгөрөгч 2018 оны байдлаар ус ашиглах дүгнэлттэй хэр нь гэрээ хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, хоёр жил тутам орох ёстой аудит нь ороогүй, химийн хортой хог хаягдлын стандарт зөрчигдсөн, нөхөн сэргээлт хийдэг ч орон нутагт хүлээлгэж өгдөггүй гээд олон зөрчил илэрсэн. Химийн хортой хог хаягдал газарт нэвчсэн байхад жишим ч үгүй “жоохон цоорчхож”  гээд байж жишээтэй. Шалгах гээд очсон төрийн байгууллагууд компанийн хашаа руу нэвтэрч чадахгүй гадаа нь зогсож, хашааны наана, цаанаас уулзаж байгаа юм. Энэ мэтчилэн олон асуудал ард иргэдэд тулгарсаар байна бид ч эдгээр үндэслэж шаардлагаа хүргүүлсэн” гэв.