Д.Уранчимэг: Монголчуудын шүтээн болсон олон бурхдаар зээгт наамал урлалаа

Нийгэм, Эдийн засаг

Үндэсний өв соёлын сор болсон  бүтээлүүд, өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн үйл урлах монгол ухааны нандин нууцаас дэлгэн харуулж Говийнлха, Янжинлхам, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Аюуш зэрэг  сүсэгтэн олны шүтээн болсон бурхдуудаар зээгт наамал  урласан Монголын Урчуудын Эвлэлийн хорооны  нэрэмжит шагналт зураач, Урлаг судлалын магистр Д.Уранчимэгтэй ярилцлаа. 54 жил бүтээл урлаж эдүгээ 80 нас  шүргэж яваа эл буурайн Урланд нүд баясч, сэтгэл сэргэм олон сайхан бүтээл дэлгээтэй, ач зээ нартаа өвлүүлэхээр олон он жилийг элээсэн ч шив шинэхнээрээ   байлаа. Энэхүү жижигхэн Урланд түүний хосгүй ховор үнэ цэнэтэй бүтээлүүд төрж байдаг. Тиймээс дээрх хайртай бүтээлүүдээ хадгална уу гэхээс зарж борлуулах дургүй, харин олны хүртээл болгон үзүүлэх нь  түүний уран бүтээлийн гол зарчим ажээ. Тэрбээр Герман, Хятад, Орос, Япон улсад бүтээлээ толилуулж үнэлэгдэж явсан авьяаслаг нэгэн юм.

 -Таныг багаасаа бийр янтай нөхөрлөж зурж бүтээж ирсэн гэж сонссон. Одоо ч бүтээлээ урласаар сууна. Ингэхэд  зураач болоход хэн их нөлөөлөв?

-Ээж маань их уран хүн байсан л даа. Өвөрхангай аймгийн таван тайжийн нэг Шадав тайжийн охин. Энэ утгаараа уран дархчуулын бүтээлээс их сонирхдог байсан юм билээ. Иймд  би багаасаа ээжийнхээ авьяас, урлаж байгаа уран гоё зүйлсүүдийг нь харж сонирхож, дурлаж дууриаж, магадгүй өөрийнхөө чадах зүйл дээр тусалж, магтуулж зэмлүүлж ирсэн. Мөн ээж маань Монголын пионерийн ордонд ажилладаг байсан болохоор  өглөө болгон ээжийгээ дагаад тэрхүү уран бүтээл ханхалсан гоё орчноор зочилно. Үүнээс эхлэлтэй 10 настайгаасаа  Монголын пионерийн ордны  хүүхэлдэй, уран зураг, оёмол хатгамлын дугуйланд явж эхэлсэн. Ээж маань нэг удаа  эцэг эхийн хуралд явж ирээд “миний охин болоод ер нь танай ангийн хүүхдүүдийг багш нар тань их сэргэлэн хүүхдүүд   гэж магтаж байна” гэсээр их баяртай ирж билээ. Энэ үеэс  хэрэгтэй зүйлсээр минь хангаж зураг зурахыг маань илүүд дэмжиж эхэлсэн. Үүнд урамшсан юм болов уу даа удалгүй зургийн үзэсгэлэнд оролцож дугуйлангийн хүүхдүүд дундаасаа  анх  бийр, будаг харандаагаар шагнуулж байлаа. Ингэж багын сонирхол, ээжээсээ их зүйл сурсан, дээр нь Ардын зураач А.Сэнгэцохио багш зэрэг сайхан хүмүүсийн ачаар  өдий зэрэгтэй уран бүтээлч  болсон хүн дээ.

-Пионерийн ордны дугуйланд таниас өөр авьяастай хүүхэд хэр олон байв?

-Бидний дөрвөн хүүхэд Сэнгэцохио багшийн удирдлаган дор хамтдаа суралцаж 11 дүгээр ангиа төгссөн. Хэсэг хугацаанд ажиллаж байгаад УБДСургуулийн Дүрслэх урлагийн ангид  суралцаж төгсөөд,  Монголын Урчуудын эвлэлийн хорооны хотын салбарт орж түүний таван тасагт ажиллаж өөрийгөө сорьсон. Тухайлбал, хэвлэлийн тасаг гэхэд гэрэлтэй ширээн дээр хальсны зургийг зурна, дараа нь чимэглэлийн болон хүүхэлдэйн тасагт ажиллаж  модон урлан хүүхэлдэй  гээд олон төрлийн чимэглэл хийж сурсан. Эдгээр бүтээлүүд маань бүгд л албан газрын бэлэг дурсгалд явдаг байлаа. 1943 онд Оёдол хатгамлын тасаг нээгдэхэд оёдол хатгамлын дугуйлангийн эх загвар эскезийн  зураачаар ажилласан. 10 гаруй эмэгтэй урлаачид хамтраад 10 гаруй метр зээгт наамал урлаж Чингис зочид буудалд хүлээлгэн өгч байлаа. Бас цэцэгтэй хатгамлууд, дээр нь цаг үеийн сэдвээр жишээ нь монгол хүн сансарт нисэхэд Ж.Гүррагчаа, В.А Жанибеков хоёрыг яг адилхан зээгт наамлаар хийж байлаа. Үүнд судалгаа их хэрэгтэй. Бүтээл дууслаа л гэвэл гадаад руу нам засгийн тэр, энэ төлөөлөгчид бэлэг дурсгал болгож явуулна гээд л аваад явчихна.Тэр  үедээ Талархал, Баярын бичиг, Дурсамжид  бялхаж, одоо эргээд харахад энэ л  урамшуулал шагнал болон үлдэж дээ.

 -Уран бүтээлч хүмүүсийн  бийр нь уран, бэх будаг нь солонгороод үргэлж онгод нь хөглөгдөж байдаг. Энэ л авьяасаараа  та ур ухаан шингэсэн олон сайхан бүтээлээ урласан даа?

-Монгол зургийг зээгт наамалд оруулаад хийхэд тохиромжтой учраас  зээгт наамал олныг хийсэн. Нэгийг нь будгаар, нөгөөхийг нь материал торгоор хийдэг онцлогтой. Зээгт наамлыг эрт дээр үеэс хийж ирсэн ардын гар урлалын том бүтээл. Гэвч нэг хэсэг хугацаанд тасраад  одоо дахин сэргэж байгаад баяртай байгаа.  Хүүхдийн ордны урлал чимэглэлийн дугуйланд ажиллаж,  олон сайхан авьяаслаг шавь төрүүлсэн. Тухайлбал, бурхан урлаач Д.Ухаанзаяа, мөн Япон, Өвөрмонголоос хүүхэд залуучууд  ирж заалгаж байлаа. Гурав дөрвөн шавь маань гавьяат болсонд нь үнэхээр баярлаж суудаг. Эндээс зээгт наамлыг их сонирхдог юм байна гэдгийг илүү мэдэрч байлаа. Гэвч хийж байгаа хүн ховор, зурж чадахгүй учраас хэцүү  юм байна гээд дундаас нь орхичих жишээний. Энэ нь оргүй зүйл биш.  Тийм учраас зээгт наамал хийж байгаа хүн зурж чаддаг байх ёстой. Улмаар дээр үед зээгт наамлыг яаж бүтээж, яаж хийж байсан юм гэдэг уламжлалыг сайн мэдэх хэрэгтэй.

-Зээгт наамлаас гадна ер нь таны уран бүтээлд ихэвчлэн ямар сэдвүүд зонхилдог вэ?

 -Мал аж ахуй, аж  амьдрал зэрэг хөдөө ахуйн сэдэвтэй зураг миний уран бүтээлд зонхилдог. Ялангуяа таван хошуу малаа их зурах дуртай. Эдгээр сурагч байхаасаа хийсэн бүтээлүүд маань мөн л бэлэг дурсгалд  явчихдаг байсан юм. Тэр үед одоогийнх шиг гар утсан дээр зургуудаа аваад үлдэнэ гэсэн ойлголт байхгүй  байлаа шүү дээ.

-Таны Урлангаар дүүрэн бурхны бүтээл харагдана.  Ихэнхдээ том бурхнуудаар зээгт наамал хийж дээ?

-Тийм ээ, тухайлбал, Говийн Лха бурхныг  монголчууд дээр үеэс нандигнан шүтэж,  бүтээж ирсэн. Энэ бурханд нэг метр 90 см даавуу орсон.Хамгийн гол гайхамшиг нь ардын гар урлалын ур ухаан, ур хийцэндээ  байдаг юм. Өнгө, хэмжээг нь маш зөв урлах ёстой. Бурхны урлалд алдаа гаргаж болохгүй. Чингистэй зээгт наамлыг морьтой болон суугаагаар маш олон төрлөөр хийсэн. Дээр нь хатдын зээгт наамал хийхэд урт үсэнд нь шүр, сувд зэрэг гоёмсог чимэглэлүүдийг  хийж байгаагаараа бахархдаг.Эндээс харахад бурхны бүтээл хийхэд уламжлалаасаа суралцах зүйл  их байдаг. Ялангуяа өнгөний болоод ур хийцийн сайхан гээд ....

-Ер нь бурхдуудаар зээгт наамал урлахад нөр их хөдөлмөрөөс гадна хэдий хугацаа зарцуулагддаг  вэ?

-Энэ их учиртай юм аа. Тухайлбал, нэг бурхны бүтээл эхэлчихээд дуусгалгүй гурван жил болох тохиолдол ч байсан. Яагаад гэвэл тохирсон өнгө  нь олдож  өгөхгүй, заавал цулгуй буюу зөв өнгийн материал олж хийх ёстой байдаг учраас үүнд л  их цаг хугацаа ордог. Зээг сайн, зээгний утасны өнгө зөв байж тухайн бүтээл урт  настай, эдэлгээтэй бүтээл болно. Ээж маань дээр үед есөн эрдэнээр хүртэл зээгт наамлыг бүтээдэг байсан гэж ярьдаг байсан. Алт, мөнгө, шүр сувд, алтан утас зэрэг сайхан материалаар хийдэг байсан юм билээ. Ингэж урлагийг жинхэнэ утгаар нь,жинхэнэ сайн материалуудаар нь хийдэг тийм гайхалтай урчууд, уран бүтээлчид байсанд өнөө ч бахархаж явдаг.

-Эдгээр үнэ цэнэтэй бүтээлүүдээ, ялангуяа зээгт наамлыг хадгалж хамгаалж, арчлах амаргүй байх даа?

-Арчилгаа ихтэй маш нандин бүтээл шүү дээ. Наад зах нь шороо дарж, хуучирч   муудчих гээд л.....Гэвч зээгт наамлыг жижигхээн болгоод хуйлж аваад явж болдгоороо онцлогтой. Тиймээс аль ч улсад үзэсгэлэнд оролцохоор авч явахад овор багатай, эвтэйхэн байдаг юм.

- Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Хүүхэд  байхдаа хурдан морь унадаг байсан учраас моринд их дуртай. Энэ утгаар надад морьтой бүтээл олон бий. Тэтгэврээ буухаар цайны сүү авахын оронд аятайхан өнгөтэй материал  дуусахаас нь өмнө гээд л хайгаад авчихдаг. Илүү гарсан материалын өөдсөө шавь нартаа өгнө, бас  малгай тоорцог хийж,  хөөрөгний даалин, цүнх зэрэг гар урлалаар бүтсэн монгол бараа хийх дуртай.

-Таны уран бүтээлдээ баримталдаг гол зарчим?

 -Би хэзээний бүтээлээ заръя, худалдаалъя  гэж боддоггүй. Учир нь ач зээ нар маань эмээ би энэ зээгт наамлыг яваандаа хийж сурна шүү гэдэг. Тэр үед нь  бэлэн бүтээлтэй байж ач зээ нартаа үлдээх хэрэгтэй. Тийм учраас бүтээлээ үзэсгэлэнд тавьж олны хүртээл болгож олон түмнийхээ нүд сэтгэлийг баясгахыг гол зарчмаа болгож ирсэн. Эндээс хойч үе маань зээгт наамал гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг олж харна гэсэн үг. Гэвч Германд очиход хамгийн түрүүнд Намсрай бурхныг маань сонирхоод гуйсаар байгаад  800 маркаар авч байсан үе бий.

- Хүүхдүүдээс  тань  энэ сайхан авьяас билгийг тань өвлөж байгаа юу?

-Би таван хүүхэдтэй, бүгд уран бүтээл хийж, монголдоо болон гадаадад гарынхаа ур ухаанаар амьдарч яваа. Үзэсгэлэнд ч  оролцож байна. Зээ охин маань мэргэжлийн уран дархан болсон. Тийм учраас аливаа хүн  барьж авсан ажлынхаа  эцсийг нь үзэх хэрэгтэй гэж боддог юм. Яагаад гэвэл хийх тусам улам  дадлагаждаг.