Л.Ганбат: Олон улсын дүн оноог Монгол Улсын ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх, түүгээрээ дотоодын их сургуульд элсэх боломжтой болсон

Нийгэм, Эдийн засаг

 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт  өнөөдөр орон даяар эхэлж байна. Зургаадугаар сарын 23-ны өдөр 10:00 цагт түүх, 14:00 цагт агли хэлний шалгалт явагдах бол маргааш хими, газарзүй, нийгэм судлалын шалгалт болно. Харин зургаадугаар сарын 25-нд биологи, математик 26-нд физик, орос хэл, Монгол хэлний хичээлийн шалгалт явагдана.Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд  Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд ЭЕШ-ын явцын талаар өчигдөр мэдээлэл хийлээ.  Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас шалгалттай холбоотой зарим зүйлийн тухай тодрууллаа.

-Энэ жилийн шалгалтын тухай, хэдэн шалгуулагч, ажиллах хүчин, ажлын байр гээд?

-Их дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүх хичээлээр өчигдрөөс  эхэллээ. Энэ жил 36253 шалгуулагч байгаагаас энэ жилийн төгсөгч 29200, үлдсэн 7000 гаруй нь өмнөх онуудын  төгсөгчид байна. Шалгуулагчдын дийлэнх нь 80 хувь англи хэл, нийгэм, математикийн хичээлээр шалгалт өгч байна. Нийт 49 шалгалтын байр, 2800 орчим багш, ажилтнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Энэ жилийн шалгалтад нийт 36 425 хүн оролцоно. Тэдний 29 мянга гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна.

-Жил жил л хүүхдүүд хоцорсон гээд асуудал гардаг. Энэ жилийн эхний шалгалтад ийм асуудал гарав уу?

-Өнөөдрийн түүхийн хичээлийн шалгалтад хоцорсон тохиолдол гарсангүй. Гэхдээ замын түгжрэл, зам засвар, хувийн зохион байгуулалт хангалтгүйн улмаас хоцрох тохиолдол гардаг.Тиймээс хувь хүн, шалгуулагчид замын түгжрэлээс авахуулаад бүх зүйлээ сайн тооцоолж өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй.

-Элсэлтийн шалгалтыг жилд хэдэн удаа зохион байгуулах вэ, олон улсын онооны дүнг яаж тооцох вэ?

-ЭЕШ-ыг зургаа болон арванхоёрдугаар сард буюу жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Түүнээс гадна олон улсын дүн оноог Монгол Улсын ЭЕШ-ын  дүн оноотой дүйцүүлэх, түүгээрээ дотоодын их сургуульд элсэх боломжийг энэ жилээс бүрдүүлсэн. Энэ жил 560 орчим шалгуулагчдад олон улсын дүнг дүйцүүлсэн батламж хуудас олгоод байна.

-Элсэлтийн шалгалтаа өгсөн ч их, дээд сургуульд ямар нэгэн байдлаар орж чадаагүй тохиолдолд үр дүн нь хэдий хугацаанд хадгалагдах вэ, цахим сургалтын хоцрогдол ч бас байгаа?

-Өнгөрсөн хоёр жилийн 100 хувь цахимын сургалтын улмаас хоцрогдлыг арилгах, мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажиллуулах, шалгуулагчдад зөвлөгөө өгч ажиллаж байна. ЭЕШ-ын зорилго нь шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаахад чиглэсэн уралдаант шалгалт бөгөөд үр дүн нь 2,5 жилийн хүчинтэй байдаг. Оноог гаргах аргачлал нь тухайн жил шалгалт өгсөн шалгуулагчдын оноотой л харьцуулагддаг гэдгийг тодотгож хэлмээр байна.

-Шалгуулагчдын дүн оноог ямар үзүүлэлтээр дүгнэдэг вэ?

-Шалгуулагчдын дүн, оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг. Анхны оноо /100 хүртэлх оноо/ гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Тухайлбал: математикийн хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо авсан байвал энэ нь анхны оноо болох бөгөөд хувиар тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо,  хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм. Хэмжээст оноо /200-800 хүртэл/ гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг. Проценталь оноо /100 хувь хүртэл/ нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

-Шалгалтын дүнгийн тухайд?

-Шалгалтын дараа байр бүрд шалгалтын дүн тухайн өдрөө гарах ба нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eec.mn сайтад олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Мөн ТҮЦ машинаас дүн онооны батламж хуудсаа хэвлэн авч болно.

-Шалгуулагчдад юу гэж зөвлөх вэ, биедээ авч ирэх бичиг баримт гээд?

-БҮТ-өөс шалгуулагч нарт зориулан зөвлөмж гаргасан.  Үүнд шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулсан байгаа. Түүнчлэн шалгалтад ирэхдээ:

-Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

-Суудлын хуваарь

-Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөсөн.