Монгол залуус орон зайн урлагаар Гиннессэд бүртгүүлнэ

Соёл урлаг, Спорт

“Шамбала 2056” инженерийн суурин болон “ЦойлогсоZ” төсөл хамтран Олон улсын урлаг технологийн анхдугаар наадмыг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ар Цацын ус, Төхөмийн хөндийд ирэх долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү наадам нь дэлхийн хамгийн том “Лэнд арт” буюу орон зайн урлагийг Монгол орны цөлжилттэй бүсэд мод тарин бүтээж Гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилготой аж. Өөрөөр хэлбэл, монгол өв соёл, ёс уламжлалыг олон улсад сурталчлах замаар цөлжилттэй бүсийг нөхөн сэргээх, ухаалаг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.

Цөлжилтийн өндөр зэрэглэлд харьяалагдах тус бүс нутагт 36 мянган модыг дуслын усалгааны систем, сэргээгдэх эрчим хүч бүхий дэд бүтцийн хамт байнгын арчилгаа усалгаатайгаар тарих юм. Мөн монгол уламжлалын бэлгэдэлт дүрс тэмдгийг бүтээх бөгөөд ингэснээр тухайн бүс нутгийг урт хугацаанд тогтвортой нөхөн сэргээж, инженерийн суурин, хотыг бүтээхээр ажиллаж байгааг зохион байгуулагчид дурдав. Энэхүү наадам нь уламжлалт эрийн гурван наадгайг технологитой зүйрлэн зохион байгуулах гэж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, мэдээллийн аюулгүй байдлын болон и-спортын тэмцээнийг бөхийн барилдаантай зүйрлэн залуус оюун ухаан, ур чадвараараа өрсөлдөнө.

Харин дроны уралдаан, нисгэгчгүй нисэх онгоцны моделийн үзүүлэх тоглолтыг авхаалж самбаа шаарддаг хурдан морины уралдаантай зүйрлэх бол пуужингийн уралдааныг сур харваатай адилтган зохион байгуулахаар төлөвлөжээ. Гиннессэд бичигдэх Дэлхийн хамгийн том Лэнд Артыг бүтээж цөлжилттэй бүсэд өөрийн нэрийн модтой болох боломж хүн бүрд нээлттэй юм байна.