Украиныг сэргээн босгоход их наяд евро хэрэгтэй

Дэлхийн мэдээ

Оросын түрэмгий дайнд өртөж сүйрсэн Украиныг сэргээн босгоход асар их мөнгө, 750 тэрбумаас нэг их наяд евро хэрэгтэй болно гэж Европын Сэргээн босголлтын банкны тэргүүн Вернер Хойер германы Франкфуртад болсон хэвлэлийн мэдээлэл дээр зургадугаар сарын 21-ний мягмар гарагт хэлснийг Bloomberg агентлаг мэдээллээ.

Тэрбээр  "Би олон нийтийн сүлжээгээр яваад байгаа  сүйрлийн цар хүрээг харгалзаад нөгөө талаар  надад огт бодит бус мэт санагдах тоонуудыг үндэслээд яг нэг их наяд гэсэн тоог онцолж байна" гэжээ. Украиныг сэргээн босгоход Европ “хамгийн их үүрэг гүйцэтгэнэ” гэж тэр хэлсэн байна.

Европын холбооны тэргүүнүүд энэ долоо хоногийн сүүлээр уулзаж Украиныг сэргээн босгох хийгээд, тус улсын Европын холбоонд элсэх өргөдлийн талаар хэлэлцэх юм. Үүнээс гадна Украинд үзүүлэх есөн тэрбум еврогийн санхүүгийн тусламжийн талаар Европын холбоо энэ долоо хоногт хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Гэхдээ юун түрүү Украиныг сэргээн босгох, украинаас  үр тариаг гаргах асуудлыг хэлэлцэж эхэлнэ. “Энэ их үр тариаг зүгээр л ялзруулчхаж болохгүй” гэж Хойерын хэлснийг германы Frankfurter Allgemeine Zeitung хэвлэл иш татжээ.

Оросын цэргүүд далайн боомтуудыг нь хааснаас болоод өөр сонгох зам бараг байхгүй, тийм цаг хугацаа ч байхгүйгээс Украин сая сая тонн үр тариагаа экспортод гаргаж чадахгүй байгаа юм. Үр тариагаа дайнгүй баруун хилээрээ гаргана гэхэд тодорхой дэд бүтэц шаардлагатай байгаа юм. Оросууд энэ хүндрэлийг зориуд зэвсэг болгон ашиглаж байна гэж Европын Сэргээн босголтын банкны тэргүүн Вернер Хойер хэлж байна.

Украиныг сэргээн босгоход удаан хугацаанд 600-ааэс доошгүй тэрбум ам.доллар шаардлагатай гэж  Ерөнхий сайд Денис Шмыгаль дөрөвдүгээр сард хэлж байсан юм.