Б.Мөнхбаатар: Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй

Улс төр

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2021 оны зургаадугаар сараас эхлээд өссөн үнийн өсөлт барилгын салбарт олон сорилтыг авчирсан. Улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалан 31 төсөл арга хэмжээ хасагдаж, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1222 төсөл арга хэмжээний жагсаалтыг эцэслэсэн. Энэ сарын 15-нд 271 төсөл арга хэмжээг хасуулахаар холбогдох сайд нар мэдээллээ өгөөд байна. Миний хувьд нэгтгэх үүрэгтэй 851 төсөл арга хэмжээг нэгтгээд компани тус бүрээр дүнг нь гаргасан. Үүнээс 524 төсөл арга хэмжээн дээр магадлал хийсэн бол үлдсэн 327 төсөл арга хэмжээ магадлалыг ирүүлээгүй. Барилгын компаниуд зургаан сарын хугацаанд зураг төсөл дээрээ магадлал хийлгэхийг мэдэж байгаа.

Гадаа зогсож байгаа барилгачдын зовлонг ойлгож байна. 524 төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирж байна. Уг асуудлыг УИХ-д өргөн барина. Үнийн зөрүүг улсын төсөвт суулгах асуудлыг ярьж эхэлнэ. Зарим барилгын компаниудаас тээвэр, цалингийн асуудлыг бодохгүй байна гэж хандаж байгаа. Бидэнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх л тоо хэмжээ бий. Нэг тэрбум 999 сая төгрөгийн дүнтэй Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл арга хэмжээг хариуцаж байгаа компани бий. Тухайн компанийн үнэ 460 сая төгрөгөөр өссөн байна. Баянхонгор аймагт хүүхдийн сургууль барьж компанийн өртөг нэг тэрбум төгрөгөөр өссөн. 

Зарим нэг компаниуд барилгын ажил гүйцэтгэх үнийн дүнгээ өсгөж орж ирж асуудал үүсгэж байсан. Тухайн төслүүдийн ихэнх нь 2021 оноос өмнө авсан. Тэндээс 781 барилгын материалын үнийн өсөлтөөр магадлалыг хийсэн. Барилгачдын цалинг зайлшгүй нэмэх ёстой. Гэхдээ яг энэ цаг үед бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тооцлоо. Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Эдийн засгаа том өнцгөөр нь харах хэрэгтэй.

Цементийн үнийг сүүлийн хоёр жил өсгөөгүй. Дотоодын үйлдвэрлэлийг тавхан хувиар өсгөж ажиллаж байсан. Цементийн үнэд тоног төхөөрөмжийн элэгдэл нөлөөлж байгаа. Томоохон үйлдвэрүүд тулгамдаж буй асуудлаа ярьж байна. Тухайлбал, МАК буталбарын үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж чадахгүй, Эрээн дээр гацаад байсан. Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэнтэй ярьсан. Уг үйлдвэрт засвар хийж байгаа энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулна гэдгийг хэлээд байна. Цементийн үйлдвэрлэгч нартай уулзаж үнийг барих асуудлыг ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна" хэмээв.