С.Наранцогт: Чөлөөт бүс хууль эрх зүйн орчинтой болоод 20 жил болсон ч зорилт хангалттай биелээгүй

Улс төр

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогодоо чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Үүнтэй холбоотой асуудлаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөт бүсийн одоогийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлага, өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлын талаар хэлэлцэж, цаашдын төлөвлөгөөг танилцуулсан. Чөлөөт бүс хууль эрх зүйн орчинтой болоод 20 жил болж байна. Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүс бий. Гэвч өнгөрсөн 20 жилийн зорилт хангалттай биелээгүй. Төрийн зүгээс бүх төлөвлөлт хөрөнгө оруулалтыг хийх зорилт тавьсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас болж тогтвортой байж чадаагүй. Чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд газар олголт хийсэн. Энэ газар олголтыг зориулалтынх нь дагуу ажиллаж байгаа эсэх талаар танилцуулбал; Замын-Үүдэд 900 га талбайт чөлөөт бүс байгаа. Үүнээс 113.9 га талбайг 81 аж ахуйн нэгжид олгогдсон. Үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа таван аж ахуйн нэгж байна. Дөрөв нь бүтээн байгуулалтаа эхэлж байгаа бол үлдсэн нь үйл ажиллагаа явуулахгүй байна.

Алтанбулагт 500 га газар бий. Үүний 120 га талбайг 131 аж ахуйн нэгжид олгосон. Үүнээс 29 нь ажлаа явуулж байна. Цагааннуурын чөлөөт бүсэд 708 га газрын дөрвөн аж ахуйн нэгжид 101 га талбайг олгосон. Одоогоор ажлаа явуулж эхлээгүй байна.

Газар авсан нэгжүүд ажлаа хийхгүй байгаа учраас олон улсын туршлагад үндэслэж, хөрөнгө оруулах хувийн хэвшилд нийцсэн тусгай зориулалтын компани байгуулж, чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг гаргана. Үүнийгээ Засгийн газраар яаралтай батлуулж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчийнхоо сонирхолд нийцүүлэх юм. Энэ чөлөөт бүсүүд хилийн боомтод оршдог учраас хөрш улсын хилийн төлөвлөлттэй нягт уялдуулах шаардлага тулгарч буй. Мөн Засгийн газраас чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болчихсон, ажлаа эхлүүлчихсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сарын дотор идэвхжүүлж, бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх үүрэг авлаа. Газар авчхаад ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн газрыг цуцлах эсвэл бүтээн байгуулалтын урьдчилсан нөхцөлөө хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах чиглэлд хууль, журмаар өөрчлөн тусгана.

Дээрхээс харахад, хувь нэг компанид газар олгох нь буруу гэж харж байна. Бүсчилж худалдаа аж үйлдвэр, тээвэр хөгжил зэргээр төрөлжүүлсний дараа хамтарсан байдлаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үйл ажиллагаагаа эхлүүлээд хөрөнгө зарчихсан компаниудаа дэмжинэ. Харин газар авчхаад огт ажил эхлүүлээгүй, тухайн үед ямар ажил явуулах нь ч тодорхойгүй байж байгаад газар авчихсан компаниуд дийлэнх нь болжээ. Эдгээрийг нарийвчлан авч үзээд арга хэмжээ авах болно” гэв.