Ж.Гомбожав: Улс төрийн 20 намын дарга Үндсэн хуульд халдсан хуйвалдаан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна

Улс төр

Ардын Их Хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Бямбадорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Батлан хамгаалахын сайд асан,  сансрын нисгэч Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар Үндсэн хуулийн Цэцэд  маргаан үүсгэх өргөдөл өчигдөр /2022.06.21/ өглөө. Тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм. 

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан,  хуульч Ж.Бямбадорж:

-Бид дөрөв  Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэх өргөдөл өглөө. Өөрөөр хэлбэл гурван зүйлээр хууль зөрчсөн. Ингэж хууль зөрчсөнөөр Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа юм. Үүнийг нэн яаралтай хэлэлцэнэ гэж найдаж байна. Яаралтай хэлэлцэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт хэлэлцвэл буруу гэдэг нь нотлогдоно. Үндсэн хууль бол суурь хууль. Байшингаар бол суурь нь гэсэн үг. Анхны Үндсэн хууль 1787 онд АНУ-д батлагдсан. Тус Үндсэн хуульд 26-хан нэмэлт өөрчлөлт орсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ихэнх улс Үндсэн хуулиа баталсан. Улс орнууд 100-гаад жил болж байна. Үндсэн хуулиа ойлгож таньж мэдээгүй байж болохгүй, бүтэхгүй бүхнийг Үндсэн хууль руу чихээд байна. Үндсэн хууль амьтай, баталсан хүмүүс нь өнөөдөр амьд байна.

Өнөөдөр ажилгүйдэл, иргэдийн амьдралын хүнд байдлыг бодох ёстой. Харамсалтай нь  УИХ завсарлаад ийм зүйл  хийгээд явж байна. Гэтэл энэ өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдлээ. Би гурван зүйл хэлье.

Нэгдүгээр: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т "Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ" гэсэн заалт байгаа. Уг нь хуулиа ард түмнээр хэлэлцүүлэх гэж байгаа бол хуулийн төслөө биччихээд явуулах ёстой. Гэтэл хүмүүсийн тархи угаасан үйлдлийг энэ сарын 18-26-ны хооронд явуулж байна. Ямар ч шалгуур байхгүй.

Хоёрдугаарт: Мөн хуулийн "3.1.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно." гэж заасныг зөрчсөн. “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байгаа. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлт яриад  явж байх юм.

Гуравдугаарт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш найман  жилийн дараа өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл хамгийн сүүлд 2019 онд өөрчлөлт оруулсан. Би тоо мэдэхгүй байж болно. Гэхдээ миний бодлоор гурван  жил ч болоогүй байна. Үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг шийдвэрлүүлмээр байна. Энэ хуулийг Монголын ард түмэн маш хүнд үед эв найрамдалтай баталсан. Зүгээр зохиочихсон юм биш. Дэлхийн улс орнуудын түүхийг харж байж энэ хуулийг хэлэлцэж баталсан. "30 жил боллоо. Өөрчлөх цаг боллоо" гэж ярих юм. Үнэхээр ичмээр. Тийм юм байж таарахгүй. Олон улсын жишигт нийцсэн. Үндсэн хуульд хамгийн ерөнхий юмыг зааж өгсөн юм гэв.

Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав:

-УИХ-ын гишүүд Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, Монголын ард түмний төлөө чин шударгаар ажиллана гэж тангараг өргөдөг. Өнөөдрийн парламентын гишүүд тангаргаа зөрчиж байна. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээгүй. Харин өөрчлөлтийг Үндсэн хуулийн дагуу, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу хийхийг шаардаж байна. 2000, 2019 онд оруулсан өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн. 2012 онд гаргасан Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрийг Цэц энэ сарын 27-ны өдөр дахин хэлэлцэхээр зарласан байгаа. УИХ-ын гишүүдийг намын жагсаалтаар сонгох заалтыг өөрчилж, намын удирдлагуудад тохируулж хийх гэж байна. Улс төрийн 20 намын дарга Тунхаг бичиг үйлдээд  Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Энэ бол Үндсэн хуульд халдсан хуйвалдаан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, нас намба тогтсон хүмүүсийг хувиар энэ бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Үндсэн хуульд ард түмний хүсэн хүлээж байгаа томоохон өөрчлөлтийг хийх ёстой. УИХ-ын 76 гишүүнийг 99, 120 болгосноор чанарын ямар ч өөрчлөлт гарахгүй. Өнөөдрийн парламент ард түмний үгийг сонсдоггүй. Ард түмнийг сонсохын тулд Дээд хуралтай болж, хууль тогтоох доод байгууллагатай хяналт тавьдаг байх ёстой. Төрийн сүлдийг өөрчилнө гэнэ. Төрийн сүлднээс болоод Монголд авлига, оффшор, ядуурал газар аваагүй. Төрийн сүлднээс адууг авч хаях гэж байна. Монголын ард түмнийг үндэсний өв уламжлалаас нь хөндийрүүлэх гэж байна. Бидний амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байх ёстой УИХ-ын гишүүд тандалт судалгаа хийх гэнэ. Үндсэн хуулийг тандалт судалгаагаар хийдэггүй юм. Дэлхийн аль ч оронд ийм туршлага байхгүй хэмээв.