ДЭРГЭДЭЭ БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛУУЛАХ УРИАЛГЫГ ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИД ХҮРГЭЛЭЭ

Улс төр
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах санаачилгад МҮХАҮТ нэгдэж байгаа юм. Тэд өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг БШУЯ, БЕГ-тай хамтран зохион байгуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүдээ уриалаад хамгийн түрүүнд дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах шийдвэр гарган тохижилтын ажилдаа орсон гэдгээ дуулгаж байлаа.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2 мянга орчим хүүхдийг хамруулж байна. 2022 онд Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудыг энэ санаачилгад нэгдэхийг урилаа. ТОП 100 аж ахуйн нэгжид өнөөдөр 100 мянган хүн ажиллаж байгаа бол тэдний 33 мянга нь бага насны хүүхэдтэй гэсэн судалгаа байна.
Хэрвээ байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал төрөөс
✅ Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал
✅ Хүүхдийн хоолны зардал
✅ Багш бэлтгэл, хангалт
✅ Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа
✅ Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл, стандартын уян хатан зохицуулалт
✅ Мэргэжлийн удирдлага
✅ Нэг цонхны үйлчилгээ зэргээр хангаж ажиллана
Энэ уулзалтын үеэр ТЭСО групп 2019 оноос эхлэн ажиллуулж байгаа цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг танилцуулан сайн туршлагаасаа хуваалцсан юм. Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар
🔸 Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байж, тогтвор суурьшилтай ажиллах болож бүрдэнэ
🔸 Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
🔸 Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ
🔸 Шинээр ажлын байр бий болно
🔸 Ажлын цаг ашиглалт сайжирна
🔸 Замын түгжрэл, стрессийг бууруулна
Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад хандан ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа. Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт ирээдүйд 12,9 долларын нийгмийн үр өгөөж өгдөг болохыг онцолсон. Харин уулзалтад ирсэн зочид энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд төрийн байгууллагуудаас ирэх хүнд суртал, дарамт шахалт, элдэв стандарт шаардлагуудыг эргэж харах шаардлагатай гэлээ.