Д.Сумъяабазар: Улаанбаатар бол залуучуудын хот

Улс төр

Монголын залуучуудын холбооны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, хороодын төлөөлөл буюу нийт 51 салбар холбоодын удирдлагууд оролцсон "Эв нэгдлээр манлайлъя" нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, залуучуудын төлөөлөлтэй уулзсан юм.

Энэ үеэр тэрбээр “Монголын залуучуудын холбоо бол орчин цагийн Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй жилийн түүхтэй томоохон байгууллага. Олон мянган сор болсон залуусыг эгнээндээ нэгтгэж, цаашдаа үйл ажиллагаа нь улам өргөжиж, улсын хөгжилд жин дараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Залуучуудын холбоо бүс нутаг, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа сурталчлан таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж чаддаг эрч хүчтэй залуусын байгууллага болоход Нийслэлийн Засаг даргын хувьд  ямагт дэмжиж ажиллана. Улаанбаатар бол залуучуудын хот. Залуучуудаа дэмжих тал дээр Засаг даргын хувьд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэгийг авч ажиллах ёстой гэж боддог. Залуучуудын бодол, саналыг бид ойлгож мэддэг байх ёстой. Ингэж байж нийслэл Улаанбаатар хот орчин үеийн шийдэлд нийцсэн, хөгжлийн төлөө, инновац, технологийн эрин үетэй хөл нийлүүлсэн хот байна. Цаашид ухаалаг Улаанбаатар, дижитал Улаанбаатар, иргэндээ ээлтэй Улаанбаатар, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй, ногоон байгууламж бүхий, дэд бүтэц, инженерийн шийдэлтэй Улаанбаатар болгохын төлөө бүх хүчээ дайчлан залуучуудтайгаа хамтарч ажиллана” гэлээ.