С.Бямбацогт: Ард түмэн дэмжихгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй

Улс төр

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тухай” тогтоолыг батлав.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн санал, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох ажлын баг уг тогтоолыг боловсруулжээ.

Тогтоолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг энэ сарын 18-26-нд зохион байгуулахаар тусгажээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг зохион байгуулж, дүнг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Ажлын багт даалгахаар тусган, Олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх дөрвөн  бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоожээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг иргэдийн саналыг авах сэдвийг хэрхэн тодорхойлсныг тодруулав. УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч С.Бямбацогт дээр дурдсан 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр иргэдийн саналыг авахаар төсөлд тусгасныг онцоллоо. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг тусгаагүй үлдээсэн бөгөөд үүнийг гүйцээх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, судлаачдаас санал ирсэн хэмээв. Мөн төр эрхтэй, ард түмэн зөвхөн үүрэгтэй мэт ойлголт түгээмэл байгаа тул хүний эрхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг тэрбээр онцолсон юм. Мөн парламентын тогтолцоог бэхжүүлэх саналыг улс төрийн намуудаас ирүүлж буйг дурдав. УИХ-ын гишүүн Ц.Туваан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн сэдвийг ард түмэн дэмжихгүй бол цаашид хэрхэхийг тодруулсан. Ард түмэн дэмжихгүй бол нэмэлт, өөрчлөлт хийхгүй гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч С.Бямбацогт хэлллээ. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь дэмжиж, тогтоолыг батлав.