Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүч 10 мегаватаар нэмэгдлээ

Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.06.15/  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ талаар  салбарын сайдууд мэдээлэл өгөв. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Шинэ сэргэлтийн бодлогод хэрэгжих төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ.  Тэрбээр “Бид энэ онд таван зорилт, 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн дийлэнх нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх зорилготой. Томоохон төслийн барилга угсралтууд эхэлсэн. Долоон аймагт дулааны станцын ажил эхэллээ. Баруун бүсэд буюу Ховд аймагт сэргээгдэх эрчим хүч 10 мегаватаар нэмэгдлээ. Маргааш Амгалан ДС-ын өргөтгөлийн ажил эхэлнэ.

Батарейн цэнэг хураагууртай болох бэлтгэл ажил бүрэн хангагдсан. ТТ ЦС-ын тендерийг хоёр дахь удаазарласан. Тендер нээн, үнэлгээний ажил эхэлнэ.

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг  түшиглэсэн ДС-ыг хувийн хэвшилтэй хамтран ашиглалтад оруулна. Энэ онд багтаад 300 мегаваттын  хүчин чадал бүхий станцын барилгын ажил эхэлнэ.

Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын  нөлөөлөлд орох орон нутгийн  айлуудыг нүүлгэж дууссан. Нийт 271 өрхийн 1210 иргэнд нөхөн олговор олгоно. Хуульд зааснаар эдгээр иргэдийн үндсэн хөрөнгөд л нөхөн олговор олгох ёстой. Гэвч манай малчдад үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Ингээд биет бус нөлөөлөлд автсан гэж үзэн, нэг иргэнд 15.1 сая төгрөг олгох саналыг ЭХЯ гаргасан. Нийт 18 тэрбум төгрөг зарцуулна. Энэ төслийг БНХАУ-аас 250 сая ам.долларын зээл авч хэрэгжүүлнэ. Зээлийн ерөнхий хэлэлцээг тус улсын Төрийн зөвлөл батлах шаардлагатай.

Багануурын уурхай “Эрдэнэс Монгол” компанийн харьяанд байдаг. Гүйцэтгэх захирлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул түр орлон гүйцэтгэгч захирал томилон ажиллуулж байна.  

“ТЭЦ IV”  станцын хүчин чадлыг  нэмнэ. Ер нь цаашдаа цахилгаан дулааны үнийг өртөгт нийцүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд манай салбарын төслүүд гаднаас зээл авах бүрэн боломж бий. Цахилгаан дулааны эрэлт жилээс жилд өссөөр байна гэв.