Малын гоц халдварт өвчний эсрэг вакциныг жилд хоёр удаа хийнж дархлаажуулна

Улс төр

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны  тавдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор хяналт, шалгалт хийдэг лабораторийн чадавхыг сайжруулах талаар болон лабораторид ажиллах мэргэжилтэн цаашлаад эл салбарын боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулав. Мөн тогтоолын төсөлд мал сүргийг бүрэн эрүүлжүүлэх хүрээнд вакцины хүртээмж болон  хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх асуудлыг хэрхэн тусгасныг лавлаж байлаа.   

ХХААХҮ-ийн  сайд З.Мэндсайхан:

-Засгийн газраас МХЕГ, ХХААХҮЯ  зэрэг салбар салбарын харьяанд байгаа лабораториудыг нэгтгэж хөндлөнгийн хараат бус үндэсний лабораторийг байгуулан чадавхжуулан бэхжүүлж, экспорт болон импортоор оруулж ирж байгаа бүх бүтээгдэхүүнээ шалгаж баталгаажуулдаг болох шийдэлд хүрч, энэ чиглэлээр холбогдох судалгааг хийж байна. Нэг малын эмчид 35-40 мянган мал ногдож байгаа зэргээс эхлээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байгаа. Иймд тогтоолын төсөлд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээрх төрийн өмчит их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, эдгээр салбарт тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бүх асуудлыг тусгаж өгсөн гэв.   Малын эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гарсан. Уг тогтоолын төсөлд малын гоц халдварт өвчний эсрэг вакциныг жилд хоёр удаа хийн дархлаажуулж, таван жилийн хугацаанд мал сүргийг бүрэн эрүүлжүүлэхээр тусгасан.  Мөн хүлэмжийн аж ахуй чиглэлээрх үйл ажиллагааг бүрэн тусгасан бөгөөд өвлийн хүлэмжийг 50 мянган га-д хүргэвэл дотоодын хэрэгцээг хангана гэж тооцоод Сангийн яамтай ярилцаад эх үүсвэрийг нь  Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан гаргахаар болсон. Улмаар Засгийн газраас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж энэ жил гурван  хувийн хүүтэй зээлийн  нэмэлт эх үүсвэр  гаргасан гэлээ.