Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг энэ сарын 20-ноос буцаан олгоно

Улс төр

УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг, түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд НДШ-ийнхээ өөрөө хариуцан төлсөн  50 хувийг буцаан авна.

 

Тодруулбал, уг шийдвэр өнгөрсөн сарын 1-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд буцаан олгох журмын дагуу эхний шилжүүлгийг энэ сарын 25-ны дотор хийх юм. Уг журмаар сар бүрийн төлсөн шимтгэлийг дараа сарын 25-ны дотор буцаан шилжүүлэх юм. Иргэдийн төлсөн татвар, шимтгэлийн тайлан тооцоог баталгаажуулж, төлсөн мөнгөө буцаан авах иргэдийн мэдээллийг бүрдүүлэх үүднээс буцаан шилжүүлэх хугацааг дараа сарын 25-наар тогтоосон гэдгийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа өнөөдөр мэдээлэв.

 

 

Урьдчилсан байдлаар 400 мянга орчим иргэн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой байна гэсэн тооцоо судалгаа гарчээ. Дээрх иргэдээс 80 мянга нь сайн дураар шимтгэл төлөгч, 320 мянга нь албан байгууллагадаа НДШ-ээ албан журмаар төлдөг иргэд байна.

 

Нэг сая төгрөг болон түүнээс доош хэмжээний цалингаас НДШ төлдөг иргэд энэ оны 5-12 дугаар сард төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан авах юм.

 

 

Тухайн байгууллагын шимтгэл төлөлт дансаар нь орж ирдэг бол харин сайн дураар болон өөрөө төлсөн иргэдийнхийг хувийн дансанд нь шилжүүлнэ. Тиймээс иргэдийн дансны мэдээллийг эхний ээлжинд авахад цаг хугацаа шаардаж буй учир аль болох хүндрэл чирэгдэлгүйгээр буцаан олголтыг шилжүүлнэ гэдгийг салбарын сайд мэдэгдэв. Одоогоор байгууллагуудаас иргэдийн дансыг авч, цахим санд бүртгэж байна.

 

 

Нийгмийн даатгалын буцаан олголтын хэмжээ тухайн ажилтны цалин хөлснөөс шалтгаалж байна. Иргэд цалингаасаа өөрөө хариуцан 9.5 хувийн шимтгэл төлдөг. Энэ хувийн талыг буцаан авах бөгөөд энд байгууллагаас төлж буй шимтгэл хамаарахгүй юм. Дээрх тооцоогоор байгууллагад ажилладаг иргэн дээд тал нь 47 500 төгрөг, сайн дурын даатгуулагч 67 500 төгрөг авах нь. Нийт даатгуулагчийн 70 хувь нь буцаан олголтод хамрагдаж, үүнд 170 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулах аж.