УУХҮСайд Г.Ёндон Канадын Байгалийн баялгийн албаны дарга Ивонн Жонстой уулзлаа

Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын Байгалийн баялгийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга Ивонн Жонстой уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Канадын Экспортыг Хөгжүүлэх Байгууллага болон CIBC банк санхүүжүүлсэн, дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгой зэс-алтны уурхайн ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, далд уурхайн олборлолт ирэх 2023 оноос эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хоорондын хэлэлцээ үргэлжилж, харилцан ойлголцолд хүрч, төслийг цаашид үргэлжлүүлэх талаар талууд хүчин чармайлт гаргаж байгаа”-г тэмдэглэв.
Канад Улс нь манай улсын “Гуравдагч хөрш” бөгөөд Монгол Улсын уул уурхайн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн 30 жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг уул уурхайн хайгуул, олборлолт, газрын тосны салбар эзэлж буй бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 26% буюу 4 доллар тутмын 1 нь Канад Улсаас орсон байдаг.