УИХ-ын гишүүдийн олны шүүмжлэлд өртсөн “ишлэлүүд”-ээс

Улс төр

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсон.  Ийм  учраас өнгөрсөн 30 жилд  УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, х ийсэн үйлдэл ямагт олны анхаарлын төвд байсаар ирсэн. Цаашдаа ч байх болно. Иргэд дөрвөн жилийн хугацаатай ажиллаж ирсэн  УИХ, түүний гишүүдэд дүн тавьж байдаг билээ. Ингээд өнөөгийн УИХ-ыг  1992 оноос хойшх  хамгийн муу нь хэмээн дүгнэж байна.  Тодруулбал  “Улс орны нийгэм, эдийн засгийн байдал өдрөөс өдөрт доройтож хямарч байхад энэ талаар нэг ч үг дуугардаг УИХ-ын гишүүн алга. Сүүлийн хоёр жилийн хугацаанд  дэлхий нийтээр ковид цар тахал дэгдэж улс орнууд хилээ хаасан. Үүнээс улбаалж дэлхийн эдийн засгийн бүхий л салбар бүхэлдээ уруудан доройтсон.  Өнөөдөр ч ковид цар тахлын аюул бүр мөсөн арилаагүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татан авалт, хил гаалийн асуудал бүрэн төгс шийдэгдээгүй байна. Үүний зэрэгцээ Орос, Укрианы зэвсэг зөрүүлсэн явдал эдийн засагт нэрмээс боллоо. Хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж инфляц 15 хувьд хүрчихлээ.  Мөдхөн 20 хувьд хүрч мэдэх нь. Үүний улмаас зарим иргэд мах, төмс, гурилаа граммаар авч гол зогоож эхэлсэн. Нөхцөл байдал ийн хүндэрч иргэдийн амьжиргаа хэцүүдэж байхад түүнийг олж харахгүй байна. Асуудлын гол, чухлыг онилж шийдвэр гаргах, үг хэлэх чадамж алга. Үндсэн хуулийг өөрсдөдөө тохируулан өөрчилж гишүүдийн тоог нэмэх,  дахин сонгогдох арга зам эрэлхийлж эхэллээ. Монгол бол мал аж ахуйн орон. Гэтэл хүнсэнд хэрэглэж буй мах нь аюултай эсэх нь эргэлзээтэй боллоо. Энэ улс оронд эзэн байна уу. Иргэдээ бодсон төр бий юу” гэсэн шүүмжлэл удаа дараа гарч байна.

Дэлхий нийтийг цочроож, сөхрүүлсэн ковид цар тахал дэгдэж байх үеэс энэ УИХ-ын үйл ажиллагаа эхэлсэн. Гэтэл анхнаасаа л жирийн тайван үе шиг “дээлийн өнгө, архины савлагаа” яриад эхэлсэн нь иргэдэд таалагдаагүй. Эдүгээ ч улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан олон асуудал байхад аар саархан зүйл ярьлаа хэмээн шүүмжлэлд өртөж буй УИХ-ын гишүүн ч цөөнгүй. Тухайлбал, гурван тэрбум ам.доллараар тулгуурт замтай метро барина, тойргынхоо зарим гудамжны явган хүний болон авто замыг заслаа хэмээн зураг хөрөг тавьж буй гишүүд ч бий. Энэ бүгд нь “УИХ-ын гишүүний ажлаа хийсэнгүй, байг нь  байтугай банзанд нь ч оносон шийдвэр гаргахгүй юм байна. Юу ч  хүлээгээд нэмэргүй”  гэсэн шүүмжлэл өөрийн эрхгүй төрүүлж буй билээ. Харин УИХ-ын гишүүнийг шүүмжиллээ гэж шүүх, цагдаагийн хаалга татсан, иргэд сонгогчдодоо гомдсон гишүүдийн тухай яриа мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд явж байдаг нь нууц биш.

Ингээд УИХ-ын зарим гишүүний хэлсэн үг, олны шүүмжлэлд өртсөн ишлэлүүдээс хүргэе.

Гадаадын иргэн 50 мянган ам.долларын хөрөнгө оруулбал гэр бүлээрээ оршин суух виз олгоё

УИХ-ын нэр бүхий дөрвөн шинэ гишүүн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл  санаачилж  олон нийтийн бухимдал дургүйцлийг төрүүлээд авсан удаатай.

Тэд угтаа  эрхээ л гүйцэлдүүлсэн төдий. УИХ-ын 76 гишүүн бүр хууль санаачлах эрхтэй. Гагцхүү тэр санаачилсан хуульд нь асуудлын гол нь байсан учраас УИХ-аар хэлэлцэхгүй болсон билээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэхүү хуулийг санаачлагчийн хувиар бүх галыг өөр дээрээ авсан ч “Би энэ хуулийг санаачилсныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй” хэмээн зүтгэсэн. Харин тус хуулийн төсөлд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин хоёр “Бидний гарын үсэг зурсан хуулийн төслийн зүйл заалтыг өөрчилсөн байна” гээд асуудал намжсан. Уг хуульд оруулахаар  санаачилсан, иргэдийн бухимдлыг төрүүлсэн заалт нь   “Гадаадын иргэн 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулж ирсэн тохиолдолд байнга оршин суух визийг гэр бүлийн гишүүдийн хамт авах эрхтэй”  гэсэн байв. Тус заалтыг өмгөөлөгч Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд нар “Юун цагаачид орж ирэх, юм яриад байгаа юм бэ. Энэ хуулийг батлачихаар л хятадууд ороод ирнэ гэж хачин юм ярьдгаа больцгоо. Ийм зүйл парламент дээр ярих юм бол энэ улс чинь хөгжихгүй шүү” гэж сүрдүүлэх, омогдохын завсарт бухимдацгаасан билээ.

 

М.Оюунчимэг гишүүн ажлаа тултал нь хийж байгаагаа зарлав

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг дуугарах бүрдээ буруудаж, шүүмжлэлд өртдөг. Тэрбээр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чуулганы танхимд баахан загнаж, дайрч давшилсан бол сүүлийн үед ярьдаг ганц сэдэвтэй болсон. Энэ нь жорлон юм. Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг  “Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист гэхэд арай хэтэрнэ шүү. Айл өрхийн цэвэрлэх байгууламжийг жорлон гэж ойлгож болохгүй шүү” гэхэв дээ. Мөн бусад гишүүдэд  “Тэмээ гэхээр ямаа гээд жорлон яриад байх юм”  хэмээн зэмлүүлсэн удаатай. Харин М.Оюунчимэг гишүүн өөрийгөө хангалттай сайн ажиллаж байгаа гэдэгт дэндүү итгэлтэй байдаг бололтой. Тэрбээр "Өөрийнхөө тухайд хэлэхэд үндсэн ажлаа тултал хийж байна. Зарим гишүүд маань хүртэл ядардаггүй юм уу. Яасан ч эрч хүчтэй сэнтэг юм бэ гээд байгаа шүү дээ" хэмээн жиргэжээ. Харин гишүүний хувьд ажлаа тултал хийж байгаа нь үнэний ортой байж болох ч "бай"-гаа онож буй эсэх нь эргэлзээтэй.

Төрийн албан хаагчдын  илүүдэл жинг  төсвийн мөнгөөр хасая

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хэлсэн үг олон нийтийг цочирдуулав. Тэрбээр, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж “Би танд бичиг явуулаад одоо ямар ч хариу алга. Завхан аймгийн бүх төрийн албан хаагчид илүүдэл жингээсээ салъя. Наадам хүртэл гурван сарын хугацаанд шим тэжээл судлаачдыг аваачаад зөв зохистой хооллолт  заалгаж, илүүдэл жингээсээ салаад яаж эрүүлждэгийг ард иргэддээ харуулж үлгэр дуурайлал болоод явъя гэсэн. Өнөөдөр үүнд зарцуулах нэг төгрөг нь ирээдүйд хавдраар өвчлөхөд зарцуулахаас хамаагүй илүү үр дүнтэй ажил. Ийм  байхад  хэдэн тэрбумаар нь хавдарт зориулчихсан мөнгөнөөс 70,80-хан сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй л байгаа байхгүй юу” гэв. УИХ-ын гишүүдийг элдэв байлай юм ярилаа гэж шүүмжилдэг. Гэхдээ арай ч төрийн албан хаагчдынхаа гэдэс, гүзээг хасах, хоол ундыг нь тааруулах, зааж өгөхөд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулъя гэдэг зүйл яригдаж байсангүй. Өнөөдөр турах бараг бүх нийтийн хувийн асуудал болсон ч, төр үүнд нь татварын мөнгийг үрэн таран хийж оролцох ёстой гэдэг асуудал тавьж байгаа нь харамсалтай.

 

Цар тахлаас илүүтэй бурханы хөшөөнд санаа зовогч

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нэр бүхий гишүүдийн хамт Чингэлтэй дүүргийн  тавдугаар хороонд байрлах Тасганы овоо дээр 32 тэрбум төгрөгөөр "Богд Зонхова"  төслийг хэрэгжүүлэхээр санаачилсан байдаг. Өнөөдөр төсвийн хэмнэлтийг амтай бүхэн ярьж байхад дээрх хэмжээний мөнгөөр  бурхны хөшөө барихаар хамгийн их зүтгэсэн гишүүн бол тэр. Тэрбээр “Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа.  Бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Бид өвдөж зовохоороо  ганданд очдог, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Одоо тендерийг нь зарлаж, компани нь шалгарахаар хариуцаж байгаа албаныхан шийдвэрлэх байх. Би тойрогтоо анхаарах ажил ихтэй хүн " гэж бухимдав.

 

Амьдралаас хэт хол тасрагч УИХ-ын гишүүн

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэвлэлд өчигдөр /2022.06.06/ өгсөн ярилцлага олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал "Машин унаад хөдөө гараад давхихаас илүү жижиг оврын онгоцоор явах боломж бололцоо бидэнд бүгдэд нь бий. Манайд нилээн олон жижиг оврын онгоц бий болчихсон. Үнэ нь ч боломжийн. Бүгд майхан, сав шанагаа аваад хээрийн аялал жуулчлал хийхээс илүү аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох нь чухал юм байна гэж бодож байгаа. Приустэй хүмүүс байгаль орчин бохирдуулаад, хогоо хаяаад байдаг " хэмээн ярьсан байдаг. Бодит байдал дээр монголчууд УИХ-ын гишүүд шиг онгоц хөлөглөж зугаалтлаа баяжаагүйг үнэхээр мэдэхгүй байна уу. Жирийн иргэдийн амьдралаас хэт хол тасарчихсан уу гэсэн асуулт эндээс урган гарна.

 

Тэтгэвэр бол төрөөс ахмадуудад үзүүлж буй тус дэм гэж боддог

УИХ-ын ээлжит бус чуулганаар /2022-01-28/ ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг  “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн гар хөлөө хөдөлгөсөн ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж байгаа тус дэм гэж ойлгож байгаа " гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд авсан. Угтаа бол тэтгэвэр гэдэг төрөөс өгч буй тус дэм биш  тухайн иргэн насаараа ажиллаж, хөдөлмөрлөх насандаа төлсөн НДШ-ийн хуримтлалаа тэтгэврээр буцааж авч байгаа хэлбэр юм. Энэ мэтчилэн "мэдлэггүй" гишүүдийг эхнээс эгүүлэн татвал таарна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд хөвөрч байв.

Ерөнхийлөгчийн айлчлалын “гэрч” гишүүн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Шинээр бичигдэх 100 жилийн түүхийг эхлүүлэх торгон агшинг мөнхлөх айлчлалын гэрч нь болж байгаад баяртай байна” гээд сельфидсэн зургаа   цахим хуудсатаа нийтлэсэн нь ихэд шүүмжлүүлэл дагуулсан  билээ.  Төрийн айлчлал нарийн дэг жаягтай. Айлчлалын үеэр төрийн түшээдийн үг, үйлдэл бүхэн чухал. Ийм учраас түүний энэ үйлдэл  яавч албан ёсны айлчлалын үеэр байж боломгүй  асуудал.

 

Энэ мэтчилэн УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, үйлдэл нь олны шүүмжлэл дагуулсан явдал олон. Цаашид ч гарах л биз. Хамгийн гол нь “Намайг гүжирдсэн. Миний үгийг мушгин гуйвуулсан. Нэр төрд халдсан учраас хуулийн байгууллагад хандсан” гэх зэргээр тайлбар хийх нь чухал биш. Би “Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” хэмээн  сонгогчихоод тэс өөр хандлага гаргах нь зохисгүй. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүн нь аль аймаг, сум, хэддүгээр тойргоос сонгогдсон нь ч сонин биш. Эрхэм гишүүд та бүхний хэлсэн үг, гаргасан үйлдэл ямагт олны анхаарлын төвд байдаг. Монгол Улсын эрх ашиг, цаашлаад Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг сануулах нь илүүц биз дээ.