Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн байгааг нотолжээ

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжид хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал дахин нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй энэ үед Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өмнө нь утсаар ярих үеэр хэлэлцэн тохиролцсоны дагуу уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавартай тэмцэхэд Хятадын талтай бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.