Нийслэлийн дотоод аудитын газар чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлж байна

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлаж, хотын бүх салбарт стандартыг дагаж мөрдүүлэх ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Дотоод аудитын газар үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт нэвтрүүлж эхлээд байна.

Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь байгууллагын үйл ажиллагааны ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, үйл ажиллагааны болон хүний нөөцийн тогтвортой хөгжлийн суурь болдог бөгөөд ингэснээр байгууллага хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх чадвартай болох ач холбогдолтой юм.

Нийслэлийн Дотоод аудитын газар нь чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг Алтернатив Ренювэйбл Энержи ХХК-тай хамтран нэвтрүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд шинжилгээ хийж, гадаад, дотоод орчин, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, эрсдэл, чанарын бодлого, чанарын зорилтоо тодорхойллоо. Мөн чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартын шаардлагын хүрээнд заавал байх журмууд болон байгууллагын үйл ажиллагааг зохицуулах баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж байна. Стандартыг амжилттай хэрэгжүүлэхэд албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор долоо хоног бүр байгууллагын соёл, албан хаагчдын хандлагыг сайжруулах идэвхжүүлэлтийн арга хэмжээ, сургалтыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Дотоод аудитын газар нь нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад зөвлөн туслах чиг үүрэг бүхий байгууллагын хувьд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа заавал нэвтрүүлэх ёстой стандарт гэж үзэн, 2020 онд багтаан уг стандартыг нэвтрүүлэхээр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

Үүний зэрэгцээ аудит, хяналт шалгалтын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт, Санхүүгийн хяналт шалгалтын стандартын хэрэгжилтийг сайжруулах үе шаттай ажил зохион байгуулан ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ДОТООД АУДИТЫН ГАЗАР