Н.Түвшинбаяр: Энэ бүхэнд би л зөвхөн буруутай. Хийж болохгүй үйлдлийг хийсэн

Эрэн сурвалжлах

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр түүнийг сүүлчийн үгээ хэлэх зөвшөөрлийг шүүгч олгосон юм. 

Тэрбээр "Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. 

Миний найз бол хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Энэ бүхнээс танхимд сууж байгаа бүх хүнээс уучлалт хүсэж байна. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүмүүс бий. Энэ бүхнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна" гээд хэсэг уйлав. 

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Уучлаарай. 

Би гэм буруугаа маш ихээр ойлгож, маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь, боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье. 

Аав ээж, гурван дүү, хамаатан саднаас нь бүх хүнээс уучлалт гуйж байна. Өчигдөр гэрч болон орж ирж мэдүүлэг өгсөн бүх хүнээс уучлалт хүсэж байна.

Энэ бүхэнд би л зөвхөн буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж ойлгож байгаа. Эрхэм шүүгчид хандаж, өмгөөлөгчийн минь хэлснийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна" гэлээ.