Шадар сайд С.Амарсайхан: Наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөг зарцуулна

Улс төр

Монголчууд хоёр жил Үндэсний баяр  наадмаа тэмдэглээгүй. Тиймдээ ч Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой  нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж буй. 

Тэгвэл Үндэсний баяр наадам долдугаар сарын 10, 11-нд улс орон даяар зохион байгуулагдана. Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгууд долдугаар сарын 22-29-ний дотор наадмаа хийхээр тогтжээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан:

-Удахгүй улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хуваариуд гарсныг Соёлын яамнаас иргэдэд танилцуулна. Covid-19 халдварын улмаас бид хоёр жил үндэсний наадмаа тэмдэглэж чадаагүй.  Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн ой,  Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд олон баярууд  давхацсан ойнуудыг долдугаар сард тэмдэглэнэ. Нүүдэлчний соёл ахуйг таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд хүрээнд наймдугаар сард  бүтэн наадмын хөтөлбөрийн дагуу ажлууд зохион байгуулагдана.

Иргэд сүүлийн хоёр жил алжаалаа тайлж чадаагүй, стресс ихтэй, хөл хорионд их байсан,  аялж зугаалж чадаагүй. Тиймээс дэлгэр сайхан зуны улиралд улсынхаа баяр наадмыг нийслэлдээ тэмдэглэчхээд хөдөө орон нутагт агаар салхинд гарч, эрүүл орчинд эрсдэлгүйгээр  баяр наадмаа тэмдэглэх бэлтгэлээ хийж сайхан наадах боломж бүрдэнэ . 

Энэ жилийн баяр наадмаар "Улаанбаатарын үдэш" арга хэмжээ Хүй долоо худагт,  Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд болно. Өмнө нь соёлын төв өргөөнд болдог байсан. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ. Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Наадмын төсөвт гурван тэрбум төгрөг тавьсан ч төсвийн тодотголоор хасагдаад  2.3 тэрбум төгрөг болсон. Энэ жилээс бид хуушуураа идэж, ус ундаагаа уух гэж Төв цэнгэлдэхийг зорихоо болино. Учир нь иргэдийн ирж, явах бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэддээ ая тухтай баярлуулна" гэдгийг онцлов. 

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар  Г.Наранбаатар ажиллахаар  болсон билээ. 2016, 2017, 2018 оны баяр наадмыг Н.Наранбаатар, 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар найруулсан юм.