Зуны улиралд цагаан цайвар саарал өнгө давамгайлдаг

Соёл урлаг, Спорт

Монголчууд хүнийг хувцсаар нь угтдаг гэж ярьдаг шиг сайхан хувцаслах нь  хүн бүрийн чимэг байдаг. Тийм учраас бид дөрвөн улиралдаа тохируулан тухайн жилийн хувцасны загвар, чиг хандлагыг дагаж хувцасласаар ирсэн. Тэр дундаа зун цаг хүн бүрийн хүсэн хүлээдэг дуртай улирал учраас  охид бүсгүйчүүд өдөр бүхэн гоёлоо өмсөхийг яарч буй. Гэвч бусдаас дээгүүр тавьдаг энэ улирал нь сүүлийн жилүүдэд манай орны эрс тэс цаг агаарын тогтворгүй байдлаас болж нэг өдөр нартай, нөгөө өдөр сэрүүхэн бороотой байх нь бий. Нөгөө талдаа хувцаснаас гадна тухайн жилийн өнгө үргэлж загварын гол баатар болж байдагтай хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс энэ  жилийн тренд өнгө цайвар ногоон, шар,  хурц тод өнгөнүүд зонхилж байгаа аж. Энэ мэтээр  жилээс жилд мода загвар өөрчлөгдөж байдгийн адил  цаашдаа  бидний хүлээж байгаа олон сонголт гарч ирэх нь ч дамжиггүй. Хэдийгээр хил гааль дээр бараа удаашралтай байгаа ч зарим томоохон худалдааны төвүүд улирал, цаг үедээ нийцсэн нэлээдгүй бараатай харагдана лээ. Харин эндээс боломжиндоо тохируулан сонголтоо хийх нь манай худалдан авагчдын сонирхол, сонголт юм. Загварын ертөнц хэзээ ч нэгэн хэвийн  байдаггүй. Үргэлж хувьсан өөрчлөгдөж, хүмүүний дотоод бодол санааг эд материалын тусламжтай бодит болгодог гайхамшигтай ертөнц юм. Дээр нь хувцсаа элдэв гоёл чимэглэлтэй хослуулснаар улам сэтгэл татам харагдуулдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.  Ингээд энэ зун ямар хувцас, ямар тренд өнгө загвар чиг хандлагаараа байлдан дагуулж,  гэгээ оруулж байгааг хамтдаа сонирхъё.

 

Иргэн Г.Алдармаа

Энэ жилийн тренд өнгө цайвар ногоон, хурц  өнгөнүүд зонхилж байгаа

-Миний хувьд нэг их загвар мода хөөгөөд байдаггүй л дээ. Үнэтэй хувцас өмсөх юмсан гэж бусдыг ч дууриадаггүй. Гэхдээ л эмэгтэй хүн болсон хойно бусад хүмүүсийн өмссөн хувцсыг харж, зарим үед сонголтон дээрээ санаа  авах нь ойлгомжтой. Минийхээр энэ зуны нартай өдрүүдэд биднийг өдөр бүр гэрэлтүүлэх хувцас бол энгэр задгай богино даашинзууд. Ялангуяа охидуудад бүр ч гоё. Тэд хөөрхөн зурагтай хувцсаар  дэгжин маягаар хувцасласан нь орчин тойрондоо өнгө гэрэл нэмээд бүр ч таатай. Өмнө нь бидэнд ямар нэг хувцас таарч л байвал  болоо   гэж боддог байсан үе бий. Гэтэл  өнөөдөр  эрээн мяраан гоёлд хууртах биш, чанар, өнгө үзэмжийг их хардаг болсон байна. Тийм учраас аль болох удаан эдэлгээтэй, өнгө үзэмжтэй, хүний нүдэнд юм өмсчихсөн юм шиг  харагдах тийм л хувцсыг сонгох нь зүгээр болов уу. Гэвч барааны сонголт маш  ховор байна. Үүнийг дагаад  загвар мода түрүү жилийнхээс нэг их шинэчлэгдэж чадаагүй, хувцсаа шинэчилье гэхээр нөгөө л өмнөх загварууд байх жишээтэй. Ерөнхийдөө энэ зуны мода загвар чиг хандлага энгийн чөлөөтэй, биед эвтэйхэн хувцас зонхилж байгаа. Нэг бэрхшээлтэй тал гэвэл  бараа удаж ирж байгаа учраас тэр хэмжээгээр сонголт бага байгаа.  Харин залуучууд хувцсаа  хослуулж өмсч тухайлбал, ногоон цайвар, шар даашинзаа хатгамлаар чимэглэдэг болж. Энэ нь илүү тод харагдуулдаг төдийгүй  хүмүүс ч дуртай байдаг  юм байна лээ. Ялангуяа монгол дээлэн дээр  нэг талдаа хатгамлаар чимэглэхээр өвөрмөц чамин, эрч хүчтэй харагддаг юм билээ. Улмаар төрөл бүрийн бичээс, график дүрс, түүнчлэн бөмбөлгүүд, сувд, металл хэрэгслүүд нь гутал, цүнх, футболкоос эхлээд шүүгээн дэхь бүх хувцсыг чимдэг. Тийм л учраас  ихэнх залуучууд хурц тод өнгийг сонирхдог байх. Харин  миний хувьд  даруухан дулаан өнгөнд дуртай. Гэхдээ ямар ч үед зуны улиралд цагаан,  цайвар саарал өнгө давамгайлдаг.  Ер нь энэ жилийн тренд өнгө ерөнхийдөө цайвар ногоон, хурц өнгөнүүд зонхилж байгаа юм билээ. Улирал бүр өөр өөрийн гэсэн цаг агаарын онцлогтой бөгөөд энэ тохиолдолд өнгөнүүд хоорондоо  уусч байдаг. Нөгөө талаар бие галбираа харагдуулаад  хамгийн гоёмсог гэгдэх нимгэн хувцсаа зуны улиралд л өмсөх боломжтой. Ерөнхийдөө энэ жил хүмүүс энгийн, биед эвтэй, чөлөөт загвар, өнгөлөг тод өнгүүдийг сонирхож байна. Гэвч худалдан авалт маш муу байна. Хэзээ баяруудаар ийм байсан юм бэ, бүхий л баяруудаар хүүхэд хөгшидгүй бужигнадаг байсан бол ихэнх барааны дэлгүүрүүд эл хульхан, яалт ч үгүй олон жилийн үйлчлүүлэгчид нь л орж гарч байх жишээтэй. Энэ нь ачаа бараа хугацаандаа ирэхгүй байгаагаас гадна үнийн өсөлтөөс хамааралтай  худалдан авах чадвар муудсан. Нуулгүй хэлэхэд хоёр хувцас авдаг байсан мөнгөөрөө арайхийж нэг хувцас авч байна шүү дээ. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор нэг шүүмжлэлтэй тал нь манайхан хэтэрхий Ази,  Европ тал руугаа хэлбийгээд үндэсний уламжлалт хувцас зарим талаар  орхигдоод байгаа юм уу гэж ажиглагддаг юм.

Зуны гоёлын нимгэн хувцасны худалдаа эрхлэгч Г. Хэрлэнчимэг

 Ихэнх хүмүүс биед эвтэйхэн  чөлөөт загварыг сонирхдог болжээ

Сүүлийн үед урт даашинзыг кэт, пүүзэн дээр ялангуяа 40-50 гаруй насныхан их өмсч байгаа. Срочкан цамцнууд 30- аас доош насныханд дэгжин харагддаг. Мөн хэлхгэр загвартай даавуун цамцыг эртүүз болон богино дүүжин өмдөн дээр өмсөхөд маш тохиромжтой. Бас охидууд дандаа зуны өнгийн загвартай подволк маш их өмсч байгаа. Энгэр нь задгай цэвэр даавуун урт цамц  шортон дээр зохидог. Гэхдээ  өнөөдөр хүмүүс гоёлын гэхээсээ энгийн өөртөө тохирсон хувцас их өмсдөг болсон байна. Мөн залуу бүсгүйчүүд охидууд шиг залуу харагдахаар хувцасладаг болсон нь нийтлэг үзэгдэл болсон. Богино сул,тайлтай загвартай хувцаснууд нар салхинаас хамгаалаад хамгийн тохиромжтой. Энгэр дээрээ бичиггүй, цулгай подволкууд энгэр нь задгай ямар ч  хувцсан дээр зохидог юм билээ. Бас нарны харшилтай хүмүүст ханцуйтай хэрнээ гоё загвартай хувцас ч байна. Сул подволк богино шорт, богино урт оноотой даашинзууд гээд л... нөгөө талаар  зуны цагт урагдсан жинс ч юмуу бага зэрэг урагдсан байдалтай хувцас өмсөх нь сэрүүхэн бөгөөд өөрийн хүссэнээрээ, чөлөөтэй байгааг илтгэж байгаа юм. Хамгийн гол нь өөрсдөө явж амжихгүй болохоор  зөвхөн монголд биш өөр орнуудад хүмүүсийн хамгийн өмсөх дуртай хувцас гэх мэт загвараа гүйцэж авчирч чадахгүй байна. Гэвч олон жил худалдаа хийж байгаа болохоор тухайн  хүнээ хараад л  ямар хувцас зохихыг нь  мэддэг болчихжээ гэсэн юм.

 Энэ мэтээр зуны гоёл  сонирхож явтал олон төрлийн гоёмсог малгайнууд эрхгүй нүдэнд туссан юм. Нээрээ ч зун цагийн гоёлын нэг бол яах аргагүй нарны малгай. Иймд  Бөмбөгөр” худалдааны төвд  нарны малгайн худалдаа эрхлэгч Ц.Минжинтэй уулзлаа.

Ц.Минжин: Энэ зуны загвар бүслүүртэй сийрсэн малгай

Тус  лангуун дээр нярайгаас эхлээд бага насны хүүхэд өмсөхөд тохиромжтой цоохор эрээн даавуун малгайнууд, охидын сиси, эрэгтэй шляпан, охид хүүхнүүдийн даашинз, дээлэн дээр өмсөх бүх төрлийн гоё загварууд мөн сийрсэн малгай, орой нь онгорхой, алчууртай битүү, шигтгээтэй, том хүрээтэй саравчууд, хоёр талаараа өмсдөг бөөрөнхий  малгай гээд  бүх насныхан өмсөхөд тохиромжтой малгайнууд төрөл бүрээрээ, өнгө өнгөөрөө харагдана лээ.  Бүх малгай 15-20 мянган төгрөг,өнөөдрөөрөө буюу зундаа нэг малгайгаа сольчихъё гэсэн хүнд бол боломжийн үнэтэйд тооцогдохоор. Мөн нарнаас хамгаалсан торон бээлий, нейлон бээлий, эрэгтэй, эмэгтэй том хүний спортон бээлий гээд.... Халуун өдөр хүйтэн усаар норгоод хүзүүн дээрээ тавиад явахад тохиромжтой силкэн,толгой боодог нарийхан,  урт,  жижиг дөрвөлжин гээд янз бүрийн алчуурууд.... Харин энэ зуны загвар бүслүүртэй сийрсэн малгай,мөн солонгос сийрсэн, сатуркан малгайнууд орой нь онгорхой,торон, эрээн бүслүүртэй охид хүүхнүүдийн өмсдөг гоё загвар, бас даашинзан дээр өмсдөг бөөрөнхий гээд малгайны хувьд өнгө загварын  өргөн сонголттойгоор ирсэн байв.  Эндээс  харахад загварын чиг хандлагыг ерөнхийдөө хэн дуртай нь өмсөж болохоор чиглүүлж болох ажээ.