Тэд сургуульдаа ингэж очдог...

Нийгэм, Эдийн засаг

Өнөө үед мэдлэг боловсрол гэдэг таны насан туршийн амьдралын баталгаа түүгээр ч зогсохгүй хэн байгаа, хэн болох зэргийг чинь тодорхойлох чухал хүчин зүйл билээ. Тиймдээ ч хүүхэд бүр сургуульд сурч, боловсрол эзэмших ёстой бөгөөд энэ нь бидний хойч үе, ирээдүйд маш чухал зүйл юм.

Тэгвэл Вьетнам улсын Диенбиен мужийн нэгэн жижиг тосгоны хүүхдүүд амь насаа эрсдэлд оруулан байж сургуульдаа явдаг тухай энэ удаагийн өдрийн дурандаа онцолж байна.

Диенбиен мужийн тэр нэгэн жижиг тосгоны хүүхдүүд хөрш тосгонд байх сургуульдаа явахын тулд хүүхдүүд том голыг гатлах хэрэгтэй болдог. Хэдийгээр энгийн үед хулсан салаар голыг туулдаг боловч борооны улирлын үед буюу найм, есдүгээр сард голын урсгал сирүүшч салаар гатлах ямар ч боломжгүй болдог ажээ.

Улмаар гол гатлахын тулд эцэг, эхчүүд хүүхдүүдээ цүнх, хичээлийн хэрэгслийнх нь хамт гялгар уутанд хийгээд гол дундуур сэлэн гардаг гэнэ.

Голын урсгал маш хүчтэй бөгөөд үерлэсэн үед хүүхэд байтугай том хүн ч живэх аюулд ордог нь мэдээж. Гэхдээ тосгоны иргэдэд одоохондоо үүнээс өөр сонголт байхгүй байна.

Ийнхүү амь насаа эрсдэлд оруулан байж хүүхдүүд голыг гаталсныхаа дараа өндөрлөг газар, ширэнгэн ой дундуур 15 км алхаж байж сургуульдаа хүрдэг бөгөөд тэд өдөр бүр сургуульдаа ийм л замыг туулж очдог.