М.Мөнхцэцэг: Манай бүтээгдэхүүн  үйлдвэрээс шууд гарч байгаа учраас  арай хямд

Нийгэм, Эдийн засаг

Өрхийн бичил бизнес эрхлэгч М.Мөнхцэцэг сарлагийн хөөврөөр дагнан  бүтээгдэхүүн урлаж байгаа уран бүсгүйн нэг билээ. Тэрбээр бидний гараас олон төрлийн бүтээгдэхүүн гарч, хэрэглэгчдэдээ хүрч байгаа нь ажилдаа дуртай, сэтгэлтэй бүтээлч хамт олны минь хүч хөдөлмөр хэмээсэн. Тиймдээ ч “Зузаан хөөвөр” компани бүтээгдэхүүндээ ур хийц загвар чанарыг эрхэмлэн ажилладаг  юм билээ.

 -Таныг багаасаа оёж нэхэх дуртай байсан гэдэгИймд хоёулаа бүтээгдэхүүнээ урлаж  эхэлсэн тэртээх өдрийг эргэн саная?

-Би уг нь  хүнсний технологич мэргэжилтэй хүн л дээ. Гэвч хүүхэд байхын юм оёж нэхэх дуртай  байлаа. Энэхүү хүсэлдээ  хөтлөгдөн 2008 оноос  гараараа нэхдэг байснаа сүүлдээ сүлжмэлийн машин худалдаж авсан. Эхний хоёр жил машинаа тохируулна, загвараа гаргах зэргээр ажлаа гартаа оруулах гэж зүтгээд   мөнгө олъё гэсэн бодолгүй явсан. Хүсэл сонирхлоороо дөнгөж эхэлж   байгаа учраас ганц нэг юм хийнэ, тэр минь ч  олигтой болж өгөхгүй, нэг тиймэрхүү. Гэтэл хэсэг хугацааны дараа хийсэн бүтээлийг маань хүмүүс гоё болсон байна, сайн байна  гэхээр нь  урам ороод зарж борлуулж эхэлсэн дээ.

-Ноос ноолуур, арьс шир, нэхий гээд олон түүхий эд байдаг. Яагаад заавал сарлагийн хөөврийг сонгож барьж авах болов?

-Тиймээ. Би сарлагийн хөөврөөр дагнадаг. Учир нь сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн  биед их эвтэй, маш дулаахан, хөнгөн байдгаараа онцлог бөгөөд давуу талтай. Хамгийн үнэтэй утас ямааны ноолуур, дараа нь сарлагийн хөөвөр ордог. Дээр нь тэмээ, хонины ноос гээд  ....Эргээд бодоход 10 гаруй жилийн хугацаанд багагүй бүтээгдэхүүн урлаж, алдахдаа алдаж, түүнээсээ суралцаж, хөгжин дэвжсээр явна. Энэ бүхэнд манай хамт олны хүч хөдөлмөр, зүрх сэтгэл хамгаас их  шингэсэн байгаа.

-Хүнийг хувцаслах буянтай ажил гэдэг. Одоогоор хэдэн  төрлийн бүтээгдэхүүн  урлаад  байна вэ?

-Хүзүүний ороолт, эмэгтэй цамц, нөмрөг, пальто,  эртүүз, тарпизан өмд, урт  богино юбка, толгойн кээс, гарын гидр, эрэгтэй хүний зузаан дотуур өмд,төрөл бүрийн товчтой, цахилгаантай, юүдэнтэй загвартай  цамцнууд, эрэгтэй хүүхдийн майк, шортууд,боди өмд, эрэгтэй эмэгтэй хүүхдийн хослол гээд нас насны ангиллаар хийдэг. Хүнийг хувцаслаж дулаан байлгана гэдэг маш гоё ажил. Захиалсан хувцсыг нь нэхээд өгөхөд эзэн нь  гоё болжээ гэхэд маш их  баярладаг. Харин сэтгэлд нь хүрэхгүй ямар нэг талаар таалагдаагүй нэхсэн үедээ мөнгийг нь  авахаас санаа зовдог. Дахиад засаад өгөх үү, яах уу гээд аль болох ойлголцохыг хичээдэг. Тиймийн тулд сайхан бүтээл хийж өгөөд мөнгөө авахад бидэнд ч тэр хүндээ ч өгөөжтэй ажил болдог юм.     

 -Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Үүнийг дагаад материалын үнэ ч нэмэгдэж байгаа  даа?

-Сарлагийн хөөврийн нэг кг утас  30 мянган  төгрөг байсан бол одоо 150, 170 мянган төгрөг гээд хэд дахин өсчихсөн. Утсаа аваад, сүлжээд шат дараатайгаар бүтээгдэхүүнээ гаргадаг. Дараа нь угааж сэвсгэр зөөлөн болгоод индүүдэж товч цахилгаанаа хадаад бүтээгдэхүүнээ дуусгадаг. Мөн хогийг нь цэвэрлэнэ. Хамгийн сүүлд шошго  хадаад эцсийн бүтээгдэхүүн гардаг. Олон дамжлагатай  учраас нэг хүн дагнаж хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл үнэтэй утсаар үйлдвэрийн хэмжээнд  хийх ажлыг хувь хийнэ гэдэг хэцүү. Тиймээс дороо гурван ажилчинтай   “Зузаан хөөвөр” компаниа байгуулаад удаагүй байна.  Зарим үед шантрах нь  ч бий. Гэсэн  ч амьдралаа залгуулж яваа ажлаа орхино гэж юу байх билээ дээ.

-Хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр өндөр үнэтэй  байдаг гэж  ярьдаг.  Энэ тал дээр таны бодол?

-“Баянхошуу Инкубатор” төв үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсийг бойжуулаад өсч дэвжсэнийх нь дараа гаргаад дараагийнхаа  хүмүүсээ оруулдаг журамтай. Тийм учраас бидний ажлыг дэмжиж, амьдралд минь том хөрөнгө оруулалт оруулж байгаа “Инкубатор” төвдөө баярлаж явдгаа энэ дашрамд  илэрхийлье. Биднийг  ширээ  сандлаар хангадаг. Хэдийгээр сарлагийн хөөвөр тэмээ, хонины ноосноос үнэтэй ч гэлээ бид нэг ширхэг малгайг 35000- 45000  төгрөгөөр борлуулдаг. Малгай дотроо чихтэй, эрэгтэй эмэгтэй, хойшоо унадаг, мууран гээд янз бүр. Үйлдвэрээс шууд гарч байгаа учраас гадуур зарагдаж байгаа бүтээгдэхүүнээс арай хямд. Бид 100 хувь Монголын сарлагийн хөөврөөр хийдэгтээ  сэтгэл хангалуун байдаг. Нэг үеэ бодвол хэрэглэгчид ч ноос ноолуураа ялгаж мэддэг болсон байна. Тийм учраас  хэрэглэгчээ бодож, чанартай утсаар загварлаг гоё бүтээгдэхүүн нэхэхийг чухалчилдаг. Үүний тулд загварын сэтгүүл   судлах хэрэгтэй. Залуу охидуудынх  арай чамин, загварлаг байж,  нас насныханд тохируулж өөр өөр загвараар нэхнэ гэсэн үг. Тухайлбал, нэг аятайхан даашинз   гурван өдөр нэхээд гардаггүй тохиолдол байна. Гэтэл зарим загвар  нэг, хоёр өдрийн дотор ч гарах нь бий. Гэхдээ загвар гаргахад яалт ч үгүй хоёр өдөр болдог. Хэрвээ гологдол болсон бол хөвөөд дахиж нэхэж болдгоороо онцлогтой. Тооны машин дээр загвар нь гарсан тохиолдолд өдөрт дөрвөн даашинз  гарч ч болно. Харин малгай  утас бага ордог учраас амархан бөгөөд хэмнэлттэй.

 

- Танайд эрэгтэй ажилтнууд ч байна. Нарийн чимхлүүр ажил ордог нэхэж урлах ажлыг хийнэ гэдэг ажилсаг хүний шинж шүү дээ?

-Манай эрэгтэй ажилчин төрөл бүрийн малгай хийдэг.  Нэг бүсгүй маань бүх загвараа гаргана. Нэг оёдолчин өдрийн хийсэн бүтээгдэхүүнийг оёдог. Миний хувьд эцсийн  бүтээгдэхүүн болгож гаргах ажлыг гүйцэтгэдэг.

 -Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүсийн тулгамдсан асуудал борлуулалт, маркетинг байдаг. Таны хувьд?

-Ах дүү, найз нөхөд танилын хүрээгээр амнаас ам дамжин сонссоор хүмүүс ирж  үйлчлүүлдэгт баяртай байдаг. Манайхаар нэг удаа үйлчлүүлсэн хүн байнгын үйлчлүүлэгч маань болдог. Энэ  үед ажлаараа бахархах  сэтгэл төрдөг. Эхлээд өөртөө, дараа нь нөхөр, хүүхдэдээ гээд цаашаа сүлжээ болоод явчихдаг юм. Тийм учраас танилын хүрээ маш чухал, “Ковид-19” цар тахлын хөл хорионы  үед  цахим хуудас   ажиллуулж эхэлсэн. Гэхдээ одоо завгүй болчхоор байнга ажиллуулаад байж  чадахгүй юм. Манайх өглөө 08:00  цагаас оройн 18 цаг хүртэл ажилладаг. Гэвч цаашдаа цахим хуудсаа  ажиллуулаад олон дагагчтай болох юмсан гэж мөрөөдөж байгаа. Хэд хоногийн өмнөөс бараагаа 3,4 дүгээр хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрт  тавьсан.Нөгөө  талаас  санхүү маркетингийн тал дээр мэдэхгүй зүйл маш их, одоогоор судалж байна. Энэ тал дээр зайлшгүй мэдлэгтэй байхын тулд энэ чиглэлийн  сургалтад суугаад хүрээгээ тэлэх гээд хичээж  байгаа. 

-Нэг талаар  танайх улирлын чанартай ажил. Эрсдэл хэр байдаг вэ?

-Зургаа, долдугаар сард ажил  зогсчих гээд байдаг тал бий. Гэхдээ улирлын чанартай гээд зүгээр сууж болохгүй. Ямар ч ажлыг хувирч хөвөрч хийж болдог учраас зуны улиралд  сэрүүн бороотой өдөр,эсвэл орой өмсөх нимгэн хувцас нэхвэл ямар бол гэх мэтээр янз бүрийн аргаар судалж байгаа. Магадгүй зарим хувцасны  загвараа өөрчлөхийг ч үгүйсгэхгүй.  Гурван давхар утсаар сүлжвэл зузаан, хоёр давхар бол арай нимгэн,нэг давхар нь бүр нимгэн болдог. Юуны өмнө Баян хошууныхаа хэрэглэгчдийн хэрэгцээг хангахыг хүсч байна гэх мэтээр яриад байвал ажил хийж байгаа хүнд төлөвлөгөө,мөрөөдөл зорилго мундахгүй  ээ.

-Загварынхаа  санааг хаанаас  олдог вэ?

 -Интернэтээс  хайж олдог. Аливаа загварт  энд тэндээс харсан үзсэн санаагаа бүрэн дүүрэн тусгаж байж гоё бүтээл гарна. Тэрхүү санаан дээрээ тулгуурлаж загвараа жил бүр  өөрчлөх хэрэгтэй. Түүнээс нэг хэвийн байж болохгүй.

-Хотоос зайдуу газар ажлын байрны түрээс төлөөд, ажилчдаа цалинжуулна гэхээр олон захиалгатай байж л ард нь гарах ажил юм шиг. Үүнийгээ хэрхэн яаж зохицуулж  байна вэ?

-Ажлын байрны 36 ам метр  өрөөндөө сарын  360 мянган төгрөгийн түрээс төлдөг. Дөрвөн ажилчин  маань сарын 800 мянган  төгрөгийн цалинтай. Гэхдээ өнөөдөр 800 мянган төгрөг хүний хэрэгцээнд хүрэлцэхгүй шүү дээ. Дээр нь утас материалуудаа авна. Захиалгаа нэхээд явж  байтал нэг мэдэхэд  эхний цалингаа өгөх болчихсон байдаг. Гэлээ гээд ухарч шантарч болохгүй. Харин ч боломж олдвол ажилчдынхаа цалинг нэмээд тоног төхөөрөмжөө сайжруулаад цаашилбал бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах юмсан гэж бодож байна. Орос, Франц, Швейцар зэрэг орнууд сарлагийн хөөврөөр хийсэн бараа бүтээгдэхүүн сонирхдог  юм билээ. Санаж явбал бүтэх байлгүй дээ гэж бодож явна даа. Миний хувьд хэзээний аливаад тууштай байх дуртай. Тэгвэл хэзээ нэг өдөр амжилтад хүрнэ. Нөгөө талаас  би  хүнд огт  хатуурхаж чаддаггүй,зөөлөн хандаж хүний эвийг олж байж олонтойгоо явна шүү дээ. Зөөлөн, хүнтэй гоё харьцах тусам бусдын талархлыг хүлээнэ. Түүнээс заавал захирал дарга гэхээр л хүн загнана гэвэл утгагүй. Ажилчдаа гэсэн энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой. Тийм учраас зөөлөн аргаар ажлаа зохицуулаад яваа хүнийг харж бахархаж, үлгэр дууриал авдаг. Хахир хатуу ширүүн хүнтэй хүмүүс тэр болгон харьцахаас зайлсхийдэг гэж боддог .