Нийтийн тээврийн үйлчилгээнд 591 шинэ автобус авч, цахимд шилжинэ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлнэ гэдгээ хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөж байна. Өмнө нь нийслэлд жилд 40 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ оноос 420 болгож нэмэгдүүлсэн нь түүхэн шийдвэр, ажил хийх боломж хэмээв. Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10,  сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.

Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийж, 1000 автобусыг шинээр үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нийт автобусны 93 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2009 онд хуучин 400 автобус авснаас хойш парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 орчим автобус ашиглалтаас гарах юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 17 компанийн 960 орчим автобус 101 чиглэлд үйлчилгээнд явдаг. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар буюу оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог байна. Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яриандаа онцлоод, төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа. Мөн тэрбээр “Жолооч, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан, Монгол орны цаг уурт тохирохуйц, өвөл цонх цантахгүй, тусгай хэрэгцээт иргэдийн шаардлагыг хангасан автобусны парк шинэчлэлийг хийж чадвал түгжрэлийг бууруулах томоохон шийдэл болно” гэв.
Нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хэлж байв. Энэ асуудлыг үе шаттай шийдэхээ Ерөнхий сайд хэлж, нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу наймдугаар сарын 25-наас өмнө 591 шинэ автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласныхаа дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д ажилласан юм. Ерөнхий сайд жилийн өмнө, буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд тус төвд ажиллаж, их засвар хийх төсвийг шийдэж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ажил хэрэг болж, засварынх нь ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Энэ оноос төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцэх их засварыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд тус төв иж бүрэн засвар хийж дуусгахаар төлөвлөж, мөн өргөтгөлийн болон Үр шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барьж эхэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, 2021 онд тус салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт буюу 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-д 12.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Бид амаржих газруудад үе шаттай хөрөнгө оруулалт хийж байна. Цар тахалтай амаргүй цаг үе ч гэлээ төр эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй. Цаашид ч хөрөнгө оруулалтууд хийнэ” гэлээ.  
ЭХЭМҮТ-д хөрөнгө оруулалт хийсний дүнд Монголд эмчлэгддэггүй байсан дутуу төрсөн нярайн нүдний торлогийн эмгэг, ургийн мэс засал гэсэн хоёр өвчнийг эмчилдэг болсон. Энэ онд нэмж Монголд хийдэггүй хоёр төрлийн мэс заслыг хийхээр бэлтгэж байгаагаа тус төвийн захирал Ш.Алтантуяа хэлж, эхчүүд, хүүхдүүдийн тусламж үйлчилгээнд төрөөс онцгой анхаарч буйд талархал илэрхийллээ.
Хөрөнгө оруулалтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна төрөх болон  төрсний дараах тасгийн орыг шинэчилжээ. Өнөөдрийн байдлаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 13.6, ЭХЭМҮТ-д 12.9,  “Өргөө” амаржих газарт 3.6, “Хүрээ” амаржих газар 3.2, “Амгалан” амаржих газар 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.