Эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцвал Засгийн газар 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталсан.

Энэ хүрээнд томоохон бүтээн байгуулатын ажлууд болон мега төслүүд хэрэгжихээр болсон. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дагаад үүнд шаардлагатай инженер техникийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ.

Өнөөдрийн байдлаар манай улсад 39 мянган инженер, техникийн ажилтан хэрэгтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс ирээдүйд үүсэх хүний нөөцийн асуудал болон эрэлттэй болон улс орны хөгжлийг авч явах мэргэжлүүдээ төрөөс зээл, тэтгэлгийн бодлогоор дэмжих хэрэгтэй.

Тэгвэл энэ зургадугаар сард зээл тэтгэлэгийн багц журам Засгийн газрын хурлаар орж батлагдахаар бэлтгэл ажил хийгдэж боловсруулалтын шатандаа явж байгаа юм. Ирэх намраас хөдөө орон нутагт байгаа сургуулиудаас эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцвал Засгийн газрын 321-р тогтоолоор 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан. Энэ жилээс хэрэгжвэл орон нутагт суралцаж байгаа суралцагчдыг сургалтын төлбөрөөр дэмжих тэтгэлэг, зээлийн бодлого хэрэгжиж эхлэх юм.