Хүүхдийн тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа

Эрэн сурвалжлах

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж буй талаараа УИХ-ын зарим гишүүн мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Гэр бүл салалтаас болж олон эмэгтэй, хүүхэд хохирч байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нийлээд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна.

Уг хууль нь анх 1973 онд батлагдаж байсан. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 1999 онд шинэчлэн найруулагдан мөрдөгдөж ирсэн байна.

Үүнээс хойш 23 жилийн хугацаанд долоон удаа өөрчлөлт орсон. Гэхдээ бусад хуулийг дагалдуулж бага зэрэг өөрчлөлт оруулж байжээ. 

Үүнээс болоод зарим тохиолдолд гэр бүлийн асуудлаас болж хохирч байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг зохицуулах хүртэл нөхцөл үүсэж байсан. 

Гэр бүл салалтын улмаас үүхэд хамгийн их хохирдог. Монгол Улсад жилд 3,391 орчим гэр бүл салж байна. Харин 16 мянган гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэг хувиар нэмэгдэж байна. 

3,391 гэр бүлийн ард дунджаар нэг айл хоёр хүүхэдтэй гэж үзвэл 7 мянган хүүхэд хохирч байгаа юм. Тэгэхээр тэтгэмжийн хэмжээ болон төлөлтийн асуудал дээр онцгойлон анхаарна. Тэтгэмжийг 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар тооцож олгодог юм байна. 11-ээс дээш бол насанд хүртэл нь амьдралын баталгаажих доод түвшнээр тогтоож байна. Энэ нь бүс нутгаар өөр байдаг бөгөөд Үндэсний статистикийн хорооны дарга амьдралын баталгаажих түвшнийг тогтоодог. 

11 нас хүрээгүй хүүхдэд 115 мянган төгрөгийн тэтгэмж сард тогтоогддог. Энэ мөнгөөр хүүхдээ хооллож, эрүүл мэнд, боловсролд нь анхаарах боломжгүй.

Тиймээс

  • Тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасан орлогынх нь 50-аас доошгүй хувьд нь уялдуулах, 
  • Хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилуулаад энэ зардлыг тэтгэмж төлөгчтэй нь хамтран төлүүлэх, 
  • Тогтоосон тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж байна. 

34 тэрбум төгрөгийн тэтгэмж төлөгдөөгүй байна" гэв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаг алдалгүй батлах ёстой. Хэрвээ цаг хугацаа болохгүй бол уг хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлнэ" гэлээ.