Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Соёл урлаг, Спорт

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн -120 кг жинд "Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аваргаар шалгарсан төдийгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадлаа.

Өмнө нь Э.Содномпилжээ 105 кг жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Энэ удаагийн хосгүй амжилт нь түүний ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан хүчтэн билээ.

Алмата хотноо пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд амжилттай болж 48 орны баг тамирчид оролцсон байна. Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин хүч чадлаа сорин өрсөлджээ.