Эцэг эхчүүд хэдхэн минутыг хүүхдэдээ зарцуулчих юм бол 20 минутын дотор халуун нь буугаад л ирнэ.

Улс төр

Хаврын улиралд томуу болон томуу төст өвчний өвчлөл, халдвар нэмэгддэг. Эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож байгаа энэ өвчин сүүлийн хоногуудад бүр  ч ихээр  нэмэгдэж  байгаа аж. Үүнээс үүдэн  эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байгаа ор хүлээсэн дараалал ихэсч, заримн ь бүр энэлгийн хонгилд хэвтэхэд хүрээд байгаа билээ. Иймд дээрх  нөхцөл байдал ямар байгаа талаар зарим эмнэлгээс сурвалжилснаа хүргэе.

Түргэн тусламжийн төвийн эмч Б.Батбаяр

 Хоногтоо хүүхдийн 130-140 дуудлага ирж байна

Хаврын улирал бол томуу, томуу төст өвчний дэгдэлтийн ид үе байдаг. Одоо ч  томуу, томуу  төст өвчний дэгдэлт  эрс нэмэгдэж байна.  Хоногтоо хүүхдийн 130-140 дуудлага ирж байна. Үүний 60 хувийг нь томуу, томуу төст өвчлөл эзэлж байгаа.  Тийм учраас  эцэг эхчүүд хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй, агаар салхи, зусланд гаргах хэрэгтэй. Ингэж чадваас дээрх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Мөн улиралтай холбоотой хүүхдэд зовиур илэрдэг. Ялангуяа хавар, зуны улиралд хөрсний бохирдлын улмаас  гүйлгэлт суулгалт ихэсдэг. Үүнээс хамгаалахын тулд  хүүхдийг гарч орох бүрийд нь гарыг нь сайтар угаалгаж занших хэрэгтэй. Хэрэв гадуур зайлшгүй дагуулж явах шаардлага гарвал чийгтэй малгай өмсгөх, агаар сайн нэвтэрдэг  маск зүүлгэх нь зүйтэй. Чихэртэй ундаа сыроп өгөх хэрэггүй. Энэ бүхнийг  мөрдөөд сурчихвал нэлээд өвчнөөс сэргийлж чадна.  Одоогоор хүүхдийн эмнэлгүүд маш их ачаалалтай байгаа. Хүнд хөнгөн гэлтгүй хүүхдэд  ямар нэг зовиур илэрсэн тохиолдолд эмнэлэгт заавал хандах хэрэгтэй. Анхан шатны бөгөөд хамгийн ачаалал багатай нь Өрхийн эрүүл мэндийн төв.  Эндээс эмчилгээ зөвлөгөө аваад, сайтар мөрдвөл хоёр, гурав хоногийн дараа үр дүн нь гарна. Гэтэл эцэг эхчүүд өглөө өрхийн эмнэлэгт үзүүлсэн чинь орой халуураад байна гэдэг. Ганц нэг эм уулгаад дарагдахгүй байна гээд дахин дахин эмнэлгээр авч яваад улам эрсдэлд оруулж, сэдрээгээд байдаг. Тийм учраас эмчлэгч  эмч нь үзээд тэд хоногийн дараа давтан үзүүлээрэй, ийм ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай үзүүлээрэй гэдэг зөвлөгөө өгч байгаа. Энэ дагуу тэвчээртэй байх хэрэгтэй. Ер нь өвдсөн хүүхдэд эцэг эхийн анхаарал халамж маш их хэрэгтэй байдаг. Наад зах нь халуурсан хүүхдэд халуун бууруулах эмч өгчихөөд хараад байх биш, тохирсон тунгаар нь өгч, ажиглана. Хурдан дарах гээд том хүний лаа хийчих нь ч бий. Ямар лааг хэдэн мг-аар хүүхдэдээ хийж байна вэ, ямар эм уулгаж байна вэ гэдгээ маш  сайн анхаарах ёстой. Үүний хажуугаар бүлээн чийгтэй алчуураар, толгой, хүзүү сээр суга цавийг нь шавших хэрэгтэй.  Хэдхэн минутыг хүүхдэдээ зарцуулаад халуун бууруулах арга хэмжээг зөв  авч чадах юм бол 20 минутын дотор л халуун буугаад  ирнэ. Маш өндөр үрэвсэлтэй, өндөр халдвартай хүүхэд халуун бууруулах эм уугаад гурван цагийн дотор халуун нь огт буухгүй, буусан хэрнээ эргээд халуураад байвал яах ч аргагүй эмнэлэгт, дараагийн шат шатлалын эмнэлэгт хандах шаардлагатай. Харьяа дүүргийн нэгдсэн эмнэлэг 24 цаг ажиллаж байгаа.

Ханиаднаас гадна татсан,  түлэгдсэн, аваар осол, эмийн химийн хор, угаартсан гэх мэт дуудлага их  байна. Энэ их ачааллыг иргэд  тэр болгон ойлгодоггүй, түргэн тусламж удаж ирлээ л гэдэг.  Онц ноцтой яаралтай хүнд биш л бол  шат шатлалынх нь дагуу яваад үзүүлбэл хэн хэндээ төвөг багатай.

Томуу төст өвчнөөр 2-13 насныхан илүү өвдөж байна

Эндээс гараад  БГД-ийн 17 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн “Мөнгөлөнгоо” төвөөр ороход хүүхдээ тэвэрсэн ээжүүд дараалан сууж байлаа. Өвчлөл ямар байгаа талаар тус төвийн их эмч О.Булгантай уулзсан юм.

Ажлын хуваариараа өнөөдөр хүүхдийн үзлэг хийж байна. Манай эмч нар долоо долоо хоногоор ээлжилдэг юм. Өнөөдрийн хувьд халуурсан, ханиасан, хоолой нь өвдсөн хүүхдүүд их  ирж байна. Ханиадаар 2-13 насныхан ихэвчлэн өвдөж байгаа. Нус гоожиж, хоолой өвдөнө, цэртэй ханиалгана, зарим хүүхэд хоолой нь идээлсэн шинж тэмдэгтэй ирж байна.  Тухайн хүүхдийн биеийн онцлог, нас жин, хэд хоног өвдсөн, хүндрэлийн  зэргээс хамаараад өөр өөр эмчилгээ өгч байна.  Өөрөөр хэлбэл өвдсөний өмнөх болон өвдсөний дараахь байдлаас нь хамаараад  түүнд нь тохирсон   эмчилгээ өгдөг.  Ковидоос өмнө хүүхдийн өвчлөл эрхбиш багассан байсан. Гэтэл гуравдугаар сараас нэмэгдээд эхэллээ. Энэ сар гараад бүр ч их нэмэгдээд байна. Өдөрт амбулаториор 20 хүүхэд ирдэг байсан бол энэ сард 30, 40 хүүхэд ирдэг боллоо. Уг нь өдийд буурчихдаг юм. Эмч нар маань тус бүрдээ өрх хариуцаж долоо хоногийн нэг өдрийг эргэлтийн өдөр гэж тогтсон. Эмч нар  одоо айлуудаараа ороод хянаад явж байгаа. Гэхдээ эмчилгээ бичсэн хүүхэд болгоныхоор орох боломжгүй. Дээр нь утсаар зөвлөгөө өгч байгаа.
Бид антибиотик уулгахаас гадна эмийн эмчилгээний зөвлөгөө өгч байгаа. Дээр нь эцэг эхчүүдийн асаргаа сувилгаа халамж чухал. Зарим эцэг эх яг эмчийн заавраар, цаг тухайд нь  эмийг нь уулгаад бусад хоол хүнсээр дархлааг нь дэмжээд хүүхдээ маш сайн асарч тордож байгаа. Зарим эцэг эхийн хувьд  шаардлага хангахгүй байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас ээж аавууд эмчийн зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй. Мэдээж урин дулаан цаг болж байгаа болохоор хүмүүс гайгүй болно  гэж бодож байгаа. Эмчилгээний  хоёр, гурав дахь  хоногоос тухайн хүүхдийн зовиур багасангуут эдгэрчихлээ гээд хүйтэн амттанууд  идүүлээд сэдрээчих гээд байдаг тал бий. Тийм учраас  сүү, тараг түлхүү хэрэглүүлж дархлааг нь сайн дэмжих л хамгийн чухал.

Хатгаа нь хүндэрсэн охиныг маань маш сайн эмчиллээ

- Эмчлүүлэгч хүүхдийн ээж П.Алтантуяа

-Манай охин ой есөн сартай. хатгаа авч ирээд  арав хоног хэвтээд  гарч байна. Маш хүнд ирсэн орноосоо босч чадахгүй, хоол ундаа ч идэж чадахгүй, уйлаад л хэвтээд байсан. Харин одоо хоол унданд сайжраад өөрөө босч яваад сэргэлэн болсон. Энэ дашрамд маш сайн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа Хүүхдийн II эмнэлгийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Хоёр удаа рентгенд харлаа, яаж байна гэж байн орж ирж асуугаад их анхаарал тавьж байна. Эмчилгээ үнэхээр үр дүнтэй болж  байна. Манай том охин бас энэ эмнэлгийн Сэхээний тасагт нэг сар гаруй эмчлүүлсэн. Охиныг маань эмчилсэн Сэхээний  тасгийн эмч Зулаа үнэхээр ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг эмч юм билээ.

Томуу төст өвчин өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.7 тохиолдлоор нэмэгдсэн

ЭМЯ-наас Улсын хэмжээнд амбулаториор нийт үйлчлүүлэгсдийн 11 хувь нь томуу томуу төст өвчинтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь  нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шинжтэй байна. Томуу төст өвчин 10,000 хүн амд 75 тохиолдол бүртгэгдэж өмнө долоо хоногтой харьцуулахад 8.7 тохиолдлоор, амьсгалын замын цочмог халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсэд 2.6 хувиар тус тус нэмэгджээ. Тус долоо хоногт “улирлын томуу болон томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-ээр өвчлөл улсын хэмжээнд “алаг цоог дэгдэлтийн түвшин”-д байна. Томуу төст өвчин АЗЦХХ-тай хүмүүсээс авсан нийт сорьцны 4.8 хувьд томуугийн A(H3N2), 1.2 хувьд амьсгалын замын синцитиаль, 6 хувьд хүний метапнемонивирус тус тус илэрсэн. Нийт  өвчлөгсдийн дотор ЭМЯ-наас Улсын хэмжээнд нийт амбулаториор үйлчлүүлэгсдийн 11 хувь нь ТТӨ-тэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь  нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шинжтэй байна. Томуу төст өвчин 10,000 хүн амд 75 тохиолдол бүртгэгдэж өмнө долоо хоногтой харьцуулахад 8.7 тохиолдлоор, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд 2.6 хувиар нэмэгдсэн гэв. Тус долоо хоногт улирлын томуу болон томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-ээр өвчлөл улсын хэмжээнд “Алаг цоог дэгдэлтийн түвшин”-д байна. Уг өвчлөл томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвартай хүмүүсээс авсан нийт сорьцны 4.8 хувьд томуугийн A(H3N2), 1.2 хувьд амьсгалын замын синцитиаль, зургаан  хувьд хүний метапнемонивирус тус тус илэрсэн байна. Томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 86 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж,  өмнөх долоо хоногтой харьцуулахад дөрөв хүртэлх насанд нэг  хувиар нэмэгдсэн бол амьсгалын замын цочмог хүнд халдвартай хүмүүсийн 76 хувь  нь дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж, хоёроос дөрөв хүртэлх насанд 4.1 хувиар нэмэгдсэн байна.Коронавируст халдварын цар тахалтай холбоотой тус томуугийн улиралчлалд өөрчлөлт орж, өмнөх томуугийн улирлуудтай харьцуулахад өвчлөл харьцангуй удаан үргэлжилж, улирлын томуугийн А(H3N2) вирус хүн амын дунд идэвхтэй хэвээр байна.Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд томуу төст өвчин амьсгалын замын халдварт өвчин учир КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж байсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Иймд маскаа зүүх, олон нийтийн газраар зорчихгүй байх, ханиалгаж, найтаалгахдаа ам, хамраа дарах, бохир гараар нүд, ам, хамартаа хүрэхгүй байх, гараа зөв угаах (саван, ус ашиглаж хамгийн багадаа 20 секунд угаах), аяга, халбага зэрэг хувийн эд зүйлсээ бусадтай солилцохгүй байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.