Танхимын өнөөгийн дүр төрх

Нийгэм, Эдийн засаг

Б. Золжаргал

Хоёр жилийн өмнө 60 жилийн ойгоо тэмдэглэж байсан МҮХАҮТ  өнгөрсөн хугацаанд хамгийн их шинэчлэгджээ. Ахмад болон залуу үеийн хослол өнөөдрийн Танхимыг үндсэндээ тодорхойлж байна. Өнгөрсөн 7 хоногт болсон 2021 оны ТОП 100 аж ахуйн нэгжүүдийг тодруулах арга хэмжээний үеэр цахим орчинд тавигдсан одоогийн баг, хамт олны зураг МҮХАҮТ-ын талаар илүү их мэдэх, танилцах аялалд цааш хөтлөв.

Эргэн сануулахад, Танхимын удирдлагын сонгууль 2019 онд маш их өрсөлдөөнтэй болж байсан. Эндээс ялалт байгуулсан Ерөнхийлөгч нь багаа бүрдүүлсэн. О.Амартүвшин Ерөнхийлөгчийн хувьд хувийн хэвшлийн жаргал зовлонг хамгийн сайн мэдэх, өөрөө ч бизнесийн салбарт эрт танигдсан нэгэн. Тэр одоо өөрийн найз, нэгэн цагт хамтын бизнес эхлүүлж, үндэсний хэмжээний компани болгож чадсан Т.Дүүрэнгийн хамтаар Танхимыг удирдаж, Монголын хамгийн том төрийн бус байгууллагыг толгойлж байна.

Түүх сөхөж үзвэл, 1960 онд Гадаад яамны дэргэд Худалдааны танхим гэж байгуулагдсан нь одоогийн МҮХАҮТ-ын суурь. Түүх ингэж эхэлсэн бөгөөд өөрийн гэсэн тусгай эрх зүйн зохицуулалт бүхий хуультай Танхим хөгжлийн дараагийн үе шат руу бүрэн шилжжээ. Ингэж дүгнэхэд, хэд хэдэн зүйл хүчтэй нөлөөлөв. Үүний нэг нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд, төрд кластер, түүний ач холбогдлыг таниулах ажил хамгийн их хийгджээ. Танхимын дэргэд одоо 5 кластер үйл ажиллагаа нь эхэлчихсэн, зарим нь бие дааж, өөрөө өөрийгөө авч явах түвшинд ирсэн байна.

Хоёр дахь нь, Танхимын гадаад харилцаа, хамтын ажиллагаа цар тахал нүүрлэсэн хоёр жилийн турш хөл хоригдсон ч зогсолтгүй тэлж байжээ. Үүний цаана Монголын бизнес, эдийн засагт томоохон боломж шууд болон шууд бусаар нээгдэж байгаа гэсэн үг. Гурав дахь нь, Танхим өөрийн хөгжилд их өөрчлөлт ажиглагдлаа. Хүний нөөц гэхэд л олон залуус шинээр орж ирсэн байна. Түүх өгүүлэх олон хүн шинэ үедээ халаагаа хүлээлгэн өгчээ. Үе солигдож эхэлсэн байна. Дөрөв дэх нь, ил тод, нээлттэй байдал сайжирч, бодит шүүмжлэлийг хүлээн авч сурсан байна. Тав дахь нь, бизнес эрхлэгчдэд чиглэсэн олон улсын сургалт болон оролцогч талуудын зөвшилцөл, тогтвортой түншлэл рүү залах ажил хэрэгч уулзалт, хэлэлцүүлэг улам төрөлжиж, системтэй, давтамжтай болжээ.

Тэрчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр дорвитой санал санаачилга өрнөж байна. Үүний хүрээнд Европын холбоо болон Монголбанк, Хөгжлийн банктай уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр ажиллаж эхэлжээ. Эдийн засгийн салбарыг төрөлжүүлэх, экспортын орлогын эх үүсвэр нэмэгдүүлэх, түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар Монгол Улсын "Алсын хараа 2050" болон "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан байдаг.

Монгол бол ази дахь ардчиллын баянбүрд. Тэгвэл Танхим Монгол дахь зах зээлийн эдийн засгийн баянбүрд гэвэл хэтийдэхгүй биз ээ. Харин ч хамгийн онох байх аа. Бидний зарим нь энэ газрыг төрийн яам, агентлаг эсвэл төсвөөс цалин мөнгө, үйл ажиллагааны зардал авдаг, том бүтэцтэй газар гэж андуурдаг. Гэтэл улсын төсвөөс авдаг бус харин өгдөг газар юм билээ. Тухайлбал, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлээс эхлээд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бодлогын дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүдэд бодлогын болон техникийн зөвлөгөө, зөвлөмж өгөх, мэдлэг мэдээлэл олгохын сацуу хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бодит ажил болгох чиглэлээр төрийн бус хэдий ч төрийн ачааллыг үүрэлцэж, бизнесийн орчинд үр ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх, идэвхжүүлэх, гүнзгийрүүлэх олон ажлын ард энэ мэт байдлаар гардаг байдаг юм байна.

Төлөвшиж, хийх ажил, чиг үүрэг нь маш тодорхой болчихсон, ужгирсан хандлага, үзэл суртал ч энэ байгууллагаас бүрэн гээгджээ. Харин олон улсын Танхимууд хэрхэн, яаж ажилладаг тэр зарчим, дэг соёл руу үйл ажиллагаа нь ханджээ. Хөгжил нь зүгширч байгаагийн нэг илрэл юм болов уу. Асуудлыг зөвхөн хуурай шүүмжлэх төдий бус урьдчилж хийсэн тооцоо, судалгаа, гарах гарц шийдэлтэй нь Танхим танилцуулж байгаа нь жишиг юм. Үүгээрээ гишүүнчлэл, засаглал нь тодорхой бус олон зуун холбоо, ТББ-аас Танхим ялгардаг.

Дэлхийн танхимуудын холбоо, Олон улсын худалдааны танхимын гишүүн МҮХАҮТ олон соёлын нэгдэл гэж хэлж болохоор. Бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэх, хамгаалах, төр засгийн шийдвэр зөв зүйтэй гаргахад зөвлөх, хэлэх, сануулах гээд ачаалал ихтэй байгууллага аж.  Дэлхийн танхимуудын 12 дахь конгресс гэж оны өмнө болсон. Энд яригдсан гол сэдэв бол Танхимууд гишүүдийнхээ өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад хөл нийлүүлэн алхаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ сувгийг бий болгох, тасалдал, шинэ сорилтуудыг даван туулах замаар бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад анхаарлаа хандуулахын зэрэгцээ цар тахлын үед арга барилаа шинэчлэн боловсруулах тухай байсан.

Бизнесийн тогтвортой байдлыг бий болгох хүрээнд компаниуд болон танхимууд "шинэ хэвийн байдал" (new normal)-д дасан зохицох, хүний нөөцийн бүтцийг хэрхэн өөрчлөх, бизнесийн тасралтгүй байдлыг хангах, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран ажиллах, нийтлэг эрх ашгийг хүндэтгэн хамгаалах, харилцан хөгжих зарчим үйлчилж байна, Танхимд.

Бодлогын түвшинд ашиглах, авч үзэх, бодлого боловсруулж, шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээний судалгааг Танхим хийж, олон нийтэд тодорхой цаг хугацааны дараалалтай танилцуулж, судалгааг үр дүнтэй болгох, асуудлыг арилгах чиглэлд ажиллаж байгаа. Төр засгийн хэмжээнд тухайн судалгааны үр дүнг хэлэлцэх, урьдчилж харах, бизнесийн бодит үнэнийг мэдэхэд томоохон үүрэгтэй. Танхимын эцсийн зорилго бол Монгол Улсаа хөгжүүлэх, хувийн хэвшилд суурилсан эдийн засгаа тэлэх билээ. Ковид дөнгөж л гарч байх цагаас Танхим бизнес, эдийн засаг, худалдаа, тээвэртэй холбоотой асуудлыг хөндөж, төрд хандаж байсныг мэдэх юм. МҮХАҮТ нь бизнесийн орчныг хамгаалах, дэмжин туслахын тулд Дэмжигч, Өмгөөлөгч, Нөлөөлөгч, Холбогч, Чиглүүлэгч чиг үүргийн дор бодлогын зөвлөгөө өгдөг, мэдээлэл арга зүйгээр хангадаг, судалгаа шинжилгээний томоохон Think tank байгууллага гэж маш товчоор дүгнэн харж болох нь ээ.