Оюу Толгой төслөөс эхний ээлжинд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг  Ханбогд сумыг хот болон өргөжүүлэхэд зарцуулна

Улс төр

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ханбумбат” нисэх онгоцны буудлаас шинэхэн тавигдсан мэт засмал зам, түүнтэй зэрэгцэх дугуйн зам бүхий засмал замаар давхисаар суманд ирлээ. Энд ирсний шалтгаан нь  “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг сурвалжлахаар яваа нь тэр. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил ямартаа ч гараанаасаа гарлаа.  Дэлхийд данстай  Оюутолгойн уурхай,  Гашуунсухайтын хилийн боомт  гээд улс орны эдийн засгийн ихэнх хувийг  бүрдүүлж  байгаа томоохон компаниуд энд оршиж байгаа нь тэдний хувьд хамгийн том боломж хийгээд аз юм. Оюутолгой компаниас эхний таван жилд оруулж байгаа 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт гэдэг бол том тоо гэдэгтэй хэн  бүхэн санал нийлнэ  гэдэгт итгэлтэй байна. Тиймээс төр, хувийн хэвшил   бодлогоо нэгтгэн,  нэгэн чигт хамтарч чадваас   Ханбогд хот ойрхон харагдаж байна. Оюутолгой компанийн хувьд ч уурхайтай ойр хотоос ажилчдаа зөөх, Улаанбаатар хотоос ажилчдаа зөөх хоёрт асар их ялгаа, тэр хэрээрээ  эдийн засгийн хэмнэлт гарч, үргүй зардал хэмнэгдэнэ  гэдгийг  албаны хүмүүс хэлж байсан.  Нутгийн иргэд ч ирээдүйн хотын иргэд болж байгаадаа их л сэтгэл хангалуун харагдана.  Оюутолгой компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тус сумын 70 гаруй ААН  оролцож байна гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Эндээс харахад сум, уурхай хоёр хоорондоо нэлээд нягт хамтран ажилладаг нь илт харагдах  байх. Энэ жишгээр стратегийн ач холбогдол бүхий том ордыг дагасан аймаг, сум орон нутгаа хөгжүүлдэг бол “Азийн бар улс” энүүхэнд гэж бодогдох.  Дэлхийн топ уул уурхайн компанийн үйл ажиллагааны зарчим, дүрэм журам,  соёлыг орон нутагтаа суурьшуулан авч үлдэж чадаж гэмээнэ ирээдүйн эко хот,хотын иргэн болоход чухал ач холбогдолтойг одооноос анхаарч ажиллах нь зүйтэй байх.  Та ус муутай говьд хот байгуулна гэхээр гайхаж магадгүй. Тэгвэл бас л нөгөө Оюутолгойн хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглосон Цэвэр усан хангамжийн төв, Цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Хэдийгээр сум одоогоор 8000 гаруй хүнтэй ч уг байгууламжийн хүчин чадал 40 мянган хүнтэй хотыг хангаж чадахуйц хүчин чадалтай гэдгийг дуулгах байна.  2040 он гэхэд 6312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцоолол гарч, нийт өрхийн  45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай "Ухаалаг загвар сум" болгохоор төлөвлөөд байгаа гэнэ. Түүнийг батлах мэт таван давхар бүхий хэд хэдэн орон сууц эхнээсээ баригдсан харагдана. Түүнчлэн  улаан хүрэн өнгийн нэлээд том хэмжээний барилга нүдэнд тусах бөгөөд  “Үлэмжийн чанар” гэх соёлын төвийн барилга аж. Тэр барилга мөн л уурхайн хөрөнгө оруулалтаар тэнд сүндэрлэжээ. Тэр зуурт  “Хариуцлагатай уул уурхай хөгжүүлж чадаж байгаа аймаг сум, орон нутаг ямар сайхан юм бэ дээ, манай аймаг /Төв аймаг/ хэзээ ийм болох бол” гэсэн цагаахан атаархал ч төрж байсныг нуух юун.  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгч, үг хэлсэн юм.  

Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэвэл   “Миний бие 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр буюу одоогоос яг гурван сарын өмнө Оюу Толгой төслийн Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюу Толгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийх түүхэн мөчид хөрөнгө оруулагчдын хамт Ханбогд суманд ирж байсан.Өнөөдөр ч мөн  “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг ханган хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ханбогд сумыг орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр дахин ирж байгаадаа баяртай байна. Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрт гарын үсэг  зуран баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор Та бид өнөөдөр хуран цуглаад байна. Өмнийн их говьд шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл юм аа.  Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тиймээс бид улсын нийслэлтэйгээ дүйцэхүйц шинэ хотуудыг эдийн засгийн бүс нутгууддаа, шинээр байгуулагдах боомтуудыг түшиглэн байгуулах болно. Ханбогд сумыг зөвхөн уул уурхайгаас гадна галбын говийг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, бурхны шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, Улаан номонд орсон нэн ховор ан амьтад, мөн 33 мянга гаруй тэмээн сүргээрээ ялгарч экологийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтын цөм хэсэгт багтсан гэдгийг дурдах нь зүйтэй. Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр Ханбогдын иргэд төдийгүй Оюу толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм. Хүнд цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлж, хүнд сорилт шинэ боломжийг авчирдаг гэдэг.“Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ хэрэгжүүлж, дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх Оюу Толгойн төслийн Гүний уурхай  ашиглалтад оруулах өдөр буюу нэг жилийн дараа дахин уулзахын ерөөл дэвшүүлье.

 Монгол Улс Мандан бадрах болтугай” гэлээ.

 Харин “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батсүх:  Ханбогд маань өргөжин дэвжиж, хил орчмын жишиг сум болж хөгжих мориндоо мордоход бэлэн болжээ

-Оюутолгой компанийн ТУЗ, захиргаа, хөрөнгө оруулагчид, хувьцаа нийлүүлэгчдийн нэгдсэн шийдвэрээр 50 сая ам.доллар батлагдсан. Энэ нь эхний үе шатны хөрөнгө оруулалт бөгөөд цаашдаа үе шаттайгаар урт хугацааны стратеги учраас Ханбогдын цаашдын өргөжин тэлэхэд хамтран  ажиллах явдал юм. Оюутолгойн ажилчид өнөөдрийг хүртэл Улаанбаатараас бараг арван жил онгоцоор ирж,  буцаж байна. Тиймээс нислэгүүдийг аль болох цөөлж, ажилчдынхаа дийлэнх хувийг энд бий болох тохилог хотод ирж суурьших нөхцлийг бүрдүүлэх тал дээр оролцогч талууд санал нийлсэн байгаа.  Ханбогдыг хот болгох асуудал зөвхөн манайхаас хамаарахгүй.  Ханбогдчуудын чин сэтгэлийн оролцоо, идэвх чармайлт дээр үндэслэж энэ сум суурин цэцэглэн хөнжих ёстой гэв.  Харилцан ойлголцлын санамж бичиг, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Ханбогд маань өргөжин дэвжиж, хил орчмын жишиг сум болж хөгжих гараанаас мордохоор зэхэж байна. Энэ нь манай улсын Засгийн газаас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт эрчимжиж байгаагийн тод илрэл юм хэмээн цохон тэмдэглэв.

 "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер: Бат бөх түншлэлээр бүх зүйлийг хийх боломжтой

-Ажлаа аваад гурван долоо хоног болж байгаа ч тодорхой чухал ажлуудыг шийдвэрлэхэд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсад асар их нөлөө бүхий гайхамшигтай компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдоход ажлын тэргүүлэх чиглэлийн талаар надаас лавлаж байв. Энэ асуултыг нухацтай эргэцүүлсний эцэст би баримтлах хэд хэдэн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Эдгээр чиглэлүүд маань компани төдийгүй Монгол Улсад гайхалтай үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.

Нэгдүгээрт итгэлцэл, түншлэлийг бэхжүүлэх, хоёрдугаарт, Оюу Толгойн уурхайн тогтвортой бөгөөд аюулгүй үйл ажиллагаа. Гурав, дөрөв дэх зорилтууд бол байгаль орчин, нийгмийн асуудлыг стратегийн цөмд байлгаж, өгсөн амлалтаа биелүүлэх юм.  Өнөөдөр би та бүхний өмнө тав дахь тэргүүн зорилтоо сонордуулах хүсэлтэй байна. Энэ нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд та бид, түншлэгчид бүгд мөр зэрэгцэн өсөж хөгжихийн тухайд юм” гэлээ.

Тэрбээр мөн “Онгоцны буудлаас Ханбогд сум хүрэх замд байгалийн тогтоц, Монголын өргөн уудам газар нутаг надад төрөлх Өмнөд Африкийг минь санагдууллаа. Манай улсын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела нэгэнтээ “Хийхээс нааш бүтэх зүйл үгүй мэт санагддаг” гэжээ. Өнөөдөр би энэ эшлэлийг багахан өөрчилж “Бат бөх түншлэлээр бүх зүйлийг хийх боломжтой” гэж хэлэхийг хүсэж байна гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Ханбогд сумыг хөгжүүлэх эхний бодит боломж нь Оюутолгойн хөрөнгө оруулалт юм

- Монгол Улсад шинэ хот барих ажлууд үе шаттай явагдаж эхэлнэ. Хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг барьсан байдаг. Эдийн засагт нөлөө бүхий, ажлын байрыг бий болгож байгаа хот тосгодыг төлөвлөх ёстой. Тэр утгаараа Ханбогд, Цогтцэций, Гурван-Тэс, Сайншанд гэсэн хотуудыг нэн тэргүүнд төлөвлөж үе шаттайгаар барилга байгуулах ёстой. Ханбогдын хувьд цэвэр усны байгууламжаа харьцангуй шийдсэн. Үе шаттайгаар дулааны асуудлыг шийдэх ёстой. Оюутолгой компанийн хөрөнгө оруулж байгаа энэ мөнгийг бид хамгийн гол нь зөв зохистой  л ашиглах хэрэгтэй. Хамгийн эхлээд үр дүнгий нь сайн тооцвол цаашдаа хийх бүтээн байгуулалтад их сайн нөлөөтэй гэж үзэж байгаа. Ханбогд тэлэхэд залуусын таталцал чухал. Хүмүүст амьдрахад ээлтэй болсноор залуус энд байр, газар авч амьдрах ая тухтай орчныг нь бүрдүүлэхийн тулд эмнэлэг, сургууль, цэцэрлэг  гэх мэт олон нийтийн байгууллага, үйлдвэр үйлчилгээг хамгийн түрүүнд анхаарах ёстой. Тус төлөвлөгөөгөөр Ханбогдыг орчин үeийн хот болгон хөгжүүлэх орон зайн цогц төлөвлөлтийг хийсэн. Ханбогд сумыг хөгжүүлэх эхний бодит боломж нь Оюутолгойн хөрөнгө оруулалт юм.  Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн оролцоо хамгаас чухал болохыг Барилга, хот байгуулалтын сайд онцоллоо.

 

Ханбогд сумын Насан туршийн боловсролын төвийн ажилтан Д.Ганбат: Дэлхийн том уурхай  байгаагийн хувьд сум маань хот болон өргөжихөөр  болж байгаад их баяртай байна

- Би энд анх 1982 онд ирж байлаа.  Төрийн болон боловсролын салбарт 40 шахам жил ажиллаж байна. Дээр үед Гурван-Тэс манайх хоёр аймгийн төвөөсөө алслагдсан хамгийн хөгжил бага соц нийгмийн үед хүмүүс цөллөгийн байдлаар ирж ажиллаж байсан. харин сүүлийн жилүүдэд Оюутолгой гэдэг том уурхай нээгдсэнээс хойш орон нутгийн хүн ам эрс өссөн. Жилээс жилд суурьшил нэмэгдэж байна. Дэлхийн том уурхай  байгаагийн хувьд сум маань хот болохоор болж байгаад их баяртай байна. Үүнд их ач холбогдол өгч Ерөнхий сайд маань өөрийн биеэр ирж иргэд олон нийтийнх нь өмнө баталгаажуулж, эхлүүлж байгаа явдалд их баяртай байна. Зогсолтгүйгээр шуурхай яваасай.  Уул уурхайтайгаа зэрэгцээд ХАА,  МАА-гаа орхигдуулахгүй авч яваасай гэж бодож явдаг даа. Дан ганц уул уурхайгаар эдийн засаг сэргэхэд учир дутагдалтай. Компанидаа ч ашигтай, нутгийн иргэддээ ч ээлтэй ийм л харилцан бие биендээ хүндлэлтэй хандаж түншилвээс илүү үр өгөөжтэй болох байх.