Бат-өлзий суманд бүтээн байгуулалтын ажил эхлэв

Нийгэм, Эдийн засаг

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон ажил хийгдэнэ. Сумын хуучин эмнэлэг аж ахуйн аргаар баригдсан, мөөгөнцөртсөн, ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан учраас 15 ортой өргөтгөлийн шинэ барилга барихаар шав тавих ёслолыг хийж, “Бако констракшн” ХХК-иас гүйцэтгэлийн ажлаа эхлүүллээ.

Хэдийгээр туршлагатай компани барилгын ажлыг гүйцэтгэх ч зураг төсөв, чанар стандартын дагуу баригдаж байгаа эсэхэд сум, эмнэлгийн удирдлагаас байнгын хяналт тавьж, хамтарч ажиллах байна.

Саяхан тус эмнэлэгт улсын төсвийн хөрөнгөөр түргэн тусламжийн суудлын автомашиныг нийлүүлсэн. Эдгээр ажлын үр дүнд сумын найман мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх боломж нөхцөл бүрдэнэ. Мөн 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын яаманд сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Хужирт–Бат-Өлзий сумдыг холбох 49 км хатуу хучилттай авто замын ажил удахгүй эхлэх ажээ.