Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоор 20 намрыг үдлээ

Улс төр

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх жагсаалыг нээж хэлсэн үгийг тоймлон хүргэе.

Та бүхэнд Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Анх 2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш  20 гаруй мянган цэрэг, дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцуулж, монгол цэрэг Дэлхийн цэрэг боллоо. Энэ нь манай улс, Зэвсэгт хүчний түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байна.

Энхийг дэмжих ажиллагаанд цэрэг эрсээ оролцуулах нь манай улсын хувьд цоо шинэ бодлого, зорилт бас томоохон сорилт байлаа. Үүнийг Монгол төрийн нэгдмэл бодлого, төрийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт, цэрэг дайчдын маань идэвх зүтгэлээр богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсаныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байна.

Монгол Улс нь Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд найрамдах Ардчилсан Баруун Сахар Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс, Эритрей Улс, Бүгд Найрамдах Гүрж Улс, Бүгд Найрамдах Косово Улс, Бүгд Найрамдах Йемен Улс зэрэг гурван тивийн 10 гаруй улсад цэргийн ажиглагчаас хүчний командлагчийн орлогч, мотобуудлагын салаанаас батальон хүртэл хүчийг сурган бэлтгэж, энхийг сахиулах ажиллагаанд үе шат, бодлого зохион байгуулалттайгаар оролцон, бахдам сайхан амжилт үзүүлсэн юм.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд жил бүр 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын хүн амын тоо, Зэвсэгт хүчний чадавхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь олон улсын хамтын нийгэмлэг болон энхийг эрхэмлэгч улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, цэргийн сургалт, бэлтгэлийг олон улсын жишигт хүргэх зэрэг гадаад, дотоод бодлого, цэрэг, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байна.

Манай улс Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноос хойш дэлхийн 52 улстай дипломат харилцаа нэмж тогтоосны зэрэгцээ мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, ХБНГУ, БНСУ, БНЭУБНТУ (Турк), БНФУ (Франц), Канад, Япон, Катар зэрэг гуравдагч хөрш оронтой батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, идэвхтэй хөгжүүлж байна.

Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйл хэрэгт гар бие оролцон төр, түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийт цэнхэр дуулгатан дайчид Та бүхэндээ Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн яруу алдар мандан бадрах болтугай” гэлээ.