Япон улс зургадугаар сарын 10-наас хилээ нээж жуулчид хүлээж авна

Нийгэм, Эдийн засаг

Япон  улсын Ерөнхий сайд Фумио Кишида  “Хүн хоорондын идэвхтэй харилцаа нь эдийн засаг, нийгмийн үндэс суурь болж байдаг. Бид  зургадугаар сарын 10-ны өдрөөс  гадаадын бүлэг жуулчдыг хүлээн авч эхэлнэ” гэв.

Мөн тус улс  зургадугаар сараас эхлэн Хоккайдо муж дахь “New Chitose Airport” болон Окинава мужийн “Naha Airport” нисэх онгоцны буудлуудад олон улсын нислэг хүлээн авах бэлтгэл ажлыг тун удахгүй эхлүүлэх аж. Фумио Кишида хэлэхдээ  “Өдөрт хилээр нэвтрэх хүний тоог хоёр дахин нэмэгдүүлж 20 мянгад хүргэх ба цар тахлын тархалт багатай бүс нутгуудын зорчигчид тус улсад очоод шинжилгээнд хамрагдах шаардлагагүй” гэлээ.

Японы Засгийн газар энэ оны  гуравдугаар сараас эхлэн хилийн хяналтын арга хэмжээг сулруулж, бизнес эрхлэгчид, олон улсын оюутнууд зэргийг хүлээн эхэлсэн бөгөөд өдөрт нэвтрэх иргэдийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж байна.