Хүнсний аюулгүй байдал гэж байна уу

Нийгэм, Эдийн засаг

"Эмээлт" захын Хятад эзэнтэй махны үйлдвэрүүд муудсан махыг химийн бодисоор угаан өнгө зүс оруулаад борлуулж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар. “Хүнсний, махны аюулгүй байдал алдагдлаа, Монголд төр засаг гэж байна уу...” гэсэн иргэдийн бухимдал хөвөрсөөр л байна.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсээс "Эмээлт" захад ажилладаг махны үйлдвэрүүдэд шалгалт хийж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсныг лабораторийн шинжилгээгээр тогтоолоо гээд мэдээлэл хийлээ.

Монголчуудын хүнсний хэрэглээнд ихээхэн байр эзэлдэг, үндэсний бүтээгдэхүүн махыг минь ийн хордуулаад байгаа тухай иргэд мэдээлж, мэргэжлийн хяналтын байгууллага нь шалгаж тогтоогоод байхад ямар арга хэмжээ авч байгаа, бусад үйлдвэр нядалгааны газрууд нь хэрхэн ажиллаж буй талаар тодорхой мэдээлэлгүй л байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдал” гэж юу вэ гэдэгт буюу 3.4.10-т нь “Хүнсний аюулгүй байдал” гээд тухайлан заачихсан байхад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр толгойлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө хүртэл таг чиг чимээгүй л байна.

Уг нь энэ хуулийн 3.3-т ."Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа" гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ” гээд тод томруунаар заачихсан байхад энэ байгууллага өнөө хүртэл энэ асуудалд анхаарал хандуулахгүй л сууна.

Олон нийтийн сүлжээнд түгсээр байгаа иргэдийн бухимдлын нэг нь махны үйлдвэрүүдийг үндсэнд нь хятадууд хянаж байна гэсэн эмзэглэл.

Монгол Улс 1990-ээд оноос үндэсний үйлдвэрүүдээ зогсоож хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гадаадаас импортолж байгаа ч   дотоодоосоо бүрэн бэлтгэж чадах цор ганц бүтээгдэхүүн бол мах. Гэтэл мах бэлтгэх ажлаа хятадуудад, хятад эзэнтэй, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хариуцуулчхаад мэргэжлийн хяналт, холбогдох бусад байгууллагууд нь нүдэн балай, чихэн дүлий сууж байгаа нь даанч эмгэнэлтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т монгол хүн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гээд заачихсан байгаа. Чухам энэ “хамгаалах” эрхийг нь хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд, аймаг сум, нийслэлийн эрх баригчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хариуцах ёстой атал яагаад таг чиг байна вэ. Ард иргэд энэ талаар мэдээлээгүй бол мэргэжлийн хяналтын байгууллагууд ажин түжин суусаар ард иргэдээ хордуулаад сууж байх л байж л дээ.

Энэ бүхний цаана хэний ямар эрх ашиг нуугдаж, хэн нь хэнийхээ толгойг илэн ямар ч хяналт тавилгүй сууж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд гэдгийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7,1,5-д “Мэргэжлийн хяналтын алба” гээд цагаан дээр хараар биччихсэн байна.

Энэ байгууллага, цагдаагийнхан хот дотор эргэлдэж ширхгийн тамхи зардаг хөгшид өвгөд, ТҮЦ-ийг айлган, гуанз, зоогийн газрынхныг шаналгаж өдрийн хоол идэж байхын зуур хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг газрууд маань хүний эрүүл мэнд удмын санд хор хөнөөл учруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулсаар байгаа юм биш үү.

Хэн нэгэн даргыг, албан тушаалтныг шүүмжлэх төдийд уур унтуу болон хууль шүүхэд гомдол гаргаж сүржигнэдэг албан тушаалтнууд олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа ийм мэдээллийг анзаараагүй мэт өнгөрүүлээд байдгийн цаана юу нуугдаж байна даа.