АРХАНГАЙ АЙМГИЙН 300 ГАРУЙ БАГШ, УДИРДЛАГУУД “ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ-2022” УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Нийгэм, Эдийн засаг

“Төсвийн шинэчлэл-2022” уулзалт Архангай аймагт үргэлжиллээ. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг багш, удирдлагуудтай уулзаж, төсвийн шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтад аймгийн 300 гаруй багш, удирдлагууд оролцов.

БШУЯ-ны зүгээс төсвийн шинэчлэл хийж, багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэхээс гадна хувьсах зардлын бүрэлдэхүүнийг өөрчилж, багшийн хөгжлийг дэмжих чиглэлд анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл, багшийн хүүхэдтэй ажиллах, хичээл заахад шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангаж, эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлд нь анхаарч төсвийн шинэчлэлийг хийсэн. Ингэхдээ цэцэрлэг, сургуулийг хагас бие даасан санхүүгийн эрхийг олгох бодлого барьж буй. Үүнийгээ дагаад багш, эцэг эхчүүдийн хяналтыг ч нэмэгдүүлнэ. 

Ийнхүү боловсролын салбар сэтгэл зүйчдийг ажиллуулах, цахим шилжилт, газар зүйн мэдээллийн систем, цахим платформ зэрэг олон ажлуудыг төсөв, хууль, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан хийж байгааг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга онцоллоо.

Мөн үеэр БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга аймгийн Засаг даргын орлогчтой уулзлаа. Аймгийн удирдлагын зүгээс багшийн хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа учир салбар яам бодлогоор дэмжиж өгөхийг хүслээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлын чанар гүйцэтгэлд анхаарч ажиллаж байгаагаа тэд хэлсэн юм.