Монголбанкнаас зарласан 2020 оны 7 сарын 7 өдрийн хаалтын ханшаар АНУ-ын долларын монгол төгрөгтэй харьцах ханш 2,830.37 төгрөг болов.
Ам.долларын эсрэг төгрөгийн ханш 2700 төгрөг давж монгол төгрөгийн ханш хүчтэй суларснаар иргэдийн бухимдал цахим орчныг донсолгож байсан ч одоо бол байдалтай нэгэнт хөл нийлүүлсэн мэтээр нам жим л өнгөрүүлсээр тун удалгүй 2900 төгрөгт хүргэж мэдэх нь.
Өмнө нь долларын ханш чангарах бүрт л Саарал жагсаалт тойрсон янз бүрийн дүгнэлт, хэн нэгнийг үүнд хамаатуулсан, буруутгасан зэрэг харилцан адилгүй байр суурь, сэтгэгдэл хөвөрч эхэлсэн. Тэгвэл нэгэнт өссөн ам.долларын ханшийг бууруулах ямар арга зам байна вэ. Дээрх өсөлт үнэхээр жам ёсны өсөлт байсан уу, уг өсөлтөд өөр хүчин зүйл нөлөөлөв үү, зориудаар хэн нэгэн үүнийг хөөрөгдөв үү гэсэн асуудлаар ам нээх хүн ч ховор боллоо. Долларын ханшийг хянах Монгол банк өдөр бүр ханшийн мэдээлэлээ л нийтлэхээс өөр дорвитой арга хэмжээ авч байна уу.
Сонгуулийн өмнөхөн нь эдийн засагчид ам.долларын өсөлтийг түр зуурынх нь гэж тайлбарлаж байсан. Харин тэр өсөлт нь чимээгүй өссөөр зогсохгүй урагшилсаар байна. Эдийн засагчид өмнө нь тайлбар хийхдээ, сонгууль дөхсөн, олон улсад төлөх өр төлбөрийн хугацаа ойртсон цаг үед саарал жагсаалттай холбоотой мэдээлэл гарч таарлаа. Олон нийт энэ мэдээлэлд ихээхэн соргог хандсан, дээр нь улстөржүүлэх хандлага байсан нь валютын ханшид хүчтэй нөлөө үзүүллээ. Гэхдээ сөрөг нөлөө нь эдийн засагт дунд хугацаанд үргэлжлэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь цаашид ханш өсөөд байна гэсэн үг биш. Цаг алдалгүй дээрх жагсаалтаас гарах арга хэмжээг төрийн байгууллагууд юуны өмнө авах хэрэгтэй хэмээж байсан юм.
Түүнчлэн шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор санхүүгийн тогтворгүй байдал үүсээд байгаа энэ цаг үед хөрөнгө оруулагчид долларын худалдан авалтаа нэмэгдүүлээд байгаа юм. Үүнээс үүдэн долларын хомсдол бий болж, ханш нь чангарч эхлэсэн ч гэж тайлбарлаж байсан билээ.
Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.7 хувиар сулраад байна. Бас юань өсч 400 төгрөгт хүрч чангарчээ. Монголчуудын худалдаа үйлчилгээ хийдэг гол хоёр мөнгөн тэмдэгтийн монгол төгрөгтэй харьцах ханш өссөнөөс бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр. Мөн иргэдийн худалдан авах чадвар муудаж, айл өрхийн амьжиргаа доройтсоор байгааг хэн хүнгүй хэлж байна.
Өнөөдөр манай улсад ам.долларын ханшийн өсөлт саарахгүй байсаар 3000 төгрөгт хүрэхэд тун ойрхон байна. Сонгуулийн дараа ханш нь огцом өсч, Д.Жаргалсайхан эдийн засагчийн тооцоолсноор 7000 хүрэхгүй гэх баталгаа үнэндээ алга.
Ам.долларын ханшийн өсөлтийн талаар Монголбанкны мэргэжилтний өгсөн ярилцлагад, “Гадаад валютын албан нөөц энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 4.1 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор импортын нэг жилийн хэрэгцээг хангах түвшинд байна.
“Ковид-19” цар тахлаас шалтгаалан дэлхийн эдийн засаг царцанги байдалд орж, түүхий эдийн эрэлт, үнэ буурах хандлага ажиглагдаж буй бөгөөд үүнээс шалтгаалан Монгол Улсын экспортын орлого 2020 оны эхний гурван сарын байдлаар 42 хувиар буурч, урсгал тэнцлийн алдагдал 767 сая ам.доллар, төлбөрийн тэнцлийн нийт алдагдал 350 сая ам.долларт хүрээд байна. Монголбанк энэ оны эхний гурван сард цэвэр дүнгээр 375 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн. Цаашдаа гадаад валютын захын нөхцөл байдал харьцангуй эерэг байхаар байна" хэмээжээ.
Одоогийн ам.долларын өсөлтийг дагаад бусад валютын ханш өсөлттэй байгаа аж. Энэ мэт зүйлс асуудал үүсгээд байгаа цаг үед Засаг төр нь яаралтай эмхлэгдэн ханшийн өсөлтөнд хязгаарлалтаа барихгүй бол байдал хэцүүдэх шинжтэй.
“Худлаа ярьж байгаа юм биш. ам.долларын ханш 1000 төгрөгөөс буурна” хэмээн ярьж явсан АН-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэрэгжүүлж чадаагүй хошгируулж хэлж байсан энэ үг одоо бол бодит домог болох нь ээ.
2015 онд МАН-ын генсек асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат зүүн гартаа нэг ам.доллар, баруун гартаа 17 боодол нэг төгрөг бариад “нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна. Ерөнхий сайд аа. Энэ 17 боодол нэгтийн дэвсгэртийг нийлүүлж наавал 18 ам.метр квадрат болж байна. 18 ам.метр ханын обой өнөөдөр зуун айлын барилгын дэлгүүрт дунджаар гучин мянган төгрөгт хүрсэн байна. Монгол төгрөгийн ханшийг ямар болгосноо эрх баригчид харах цаг болсон” хэмээн төгрөгийн үнэгүйдлийн талаар АН-ынханд хандан сүржин мэдэгдэл хийж байснаа ч мөн тод санах нь зүйтэй болов уу.
1 Сэтгэгдэл
order cialis 10mg pills <a href="https://ordergnonline.com/">buy tadalafil 40mg generic</a> buy ed pill