Тавантолгой – Цагаанхад чиглэлд хоногт 100 машин гарна

Нийгэм, Эдийн засаг

Цагаан хад боомт дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоногт Коронавирусийн тохиолдол илрээгүй тул уртын тээврийг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу өчигдрөөс тээвэрлэлт эхэллээ.

Тавантолгой – Цагаанхад чиглэлд хоногт 100 машин гарах бөгөөд үүний 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ачих юм. Уртын тээвэр эхлэхтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас худалдан авагчдад урьдчилан мэдэгдэл хүргүүлээд байсан юм. Уг мэдэгдэлд худалдан авагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээтэй байхаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг илүү оролцуулах тухай тусгасан. Үүний дагуу нийт 30 худалдан авагч хүсэлтээ ирүүлсэн бөгөөд эдгээр худалдан авагчдын 2000 мянга орчим тээврийн хэрэгсэл явна. Уртын тээвэрт явах компаниуд болон тээврийн хэрэгслийн бүртгэлийг www.ett.mn вэб сайтад нээлттэй байршуулсан. Уртын тээвэр эхэлсэнтэй холбогдуулан Хилийн боомтын үндэсний зөвлөл, Авто тээврийн үндэсний төв гэх мэт холбогдох төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна.  

Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан байна.

Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг өчигдрөөс эхлүүлээд байна.