Б.Баттөмөр: Нэг литр тос авахын тулд хоёр литр ус зардаг технологиор цаашаа явахгүй

Нийгэм, Эдийн засаг

ИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэхдээ “Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон газрын тосны 24 хувь нь манай улсад ногдож байгаа юм. 1993 онд газрын тос олборлох, түүний зах зээлийн талаар бид бага мэдлэгтэй байлаа, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх туршлага байгаагүй. Гэхдээ тэр үед хийсэн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бий болоод байна. Байнгын хорооны төсөл боловсруулахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авсан. Яамдаас ирүүлсэн санал тогтоолын төсөлд туссан байгаа. Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ санаачилга гарган ажиллаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газар ч мөн ажлын хэсэг байгуулан Шадар сайд ахлан ажиллаж байгаа юм билээ. Нэмээд хэлэхэд ус ашиглаж нефть бүтээгдэхүүн гаргадаг технологи хэдийн хуучирсан. Зарим оронд нефтиэс ус үнэтэй болчихсон байна. Тэгэхээр бид нэг литр нефть гаргахын тулд хоёр литр ус ашигладаг технологийг халах ёстой. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн зардлаа дураараа нэмдэг, үр ашиг байдаггүй, татвар төлдөггүй байдлыг авч үзэх шаардлагатайБидэнд ирсэн мэдээллээр, “Петрочайна Дачин Тамсаг” компани 554 монгол, 320 хятад ажилтантай юм байна гэсэн хариулт өгсөн.  Гишүүд олон чухал асуудлыг хөндлөө. Үүний нэг нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал. Машин түрээслүүлдэг, хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлдэг гэх мэт. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Монгол Улсын төлөөлөн ажиллаж буй албан тушаалтнууд тухайн компанийнхаа ажилтан шиг болчихсон, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэг байж болохгүй. Тиймээс анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Ийнхүү эцэст нь УИХ-ын гишүүдийн саналыг тогтоолын төсөлдөө тусган батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.