Г.Сайханбаяр: Батлан хамгаалахын салбар бүтээгч үйлдвэрлэгч байна

Улс төр

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид зочлох үеэр нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болоод батлан хамгаалахын салбарт хийж буй ажлуудын талаар ярилцлаа. 

-Мод тарих ажил газар сайгүй өрнөж байна. Та бүхэн мод үржүүлэг-агроэкологийн сургалтын төв байгуулах боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин манлайлан оролцох хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд орон нутагт ялангуяа Говийн бүсэд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангиа түшиглээд Дорноговь аймгийн ЗДТГ-аас олгосон 30 га газрыг мод үржүүлгийн талбай болгон ашиглахаар ажлаа эхлүүлж байна. Энэ газрыг өнөөдөр харахад хэдий хоосон цагаан газар байгаа ч дэд бүтцийг нь хийж худагжуулж, бүрэн хашаажуулж, услалтын системтэй болгож мөн хоёр га газар өвлийн хүлэмж  хийнэ. Тодруулбал, услалтын системийг 2-3 төрлөөр хийнэ, говьд ургаж амьдрах чадвартай заг, хайлаасыг үрсэлж, ургуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэхүү мод үржүүлгийн газрууд үндсэндээ хоёр жилийн хугацаанд бодит биеллээ олно. Ирэх 2024 оны хавраас эхлэн жилд дунджаар 1.9 сая үрслүүлгийг бусад мод тарих цэргийн ангиудад хүлээлгэн өгч ургуулах ийм боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Хөрсний судалгааг манай экологийн мэргэжилтнүүд маш сайн хийсэн. Мөн түүнчлэн энэ мод үржүүлгийн газарт “Экологийн сургалтын төв байгуулж бүтээн байгуулалт хийнэ. Дорноговь болон говийн бүсэд байгаа анги салбаруудын, алба хаагч тэдгээрийн гэр бүлийг агроэкологийн мэдлэгтэй болгон, сургаж үүгээрээ дамжуулан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зохион байгуулалтыг БХЯ, ажиллах хүчийг зэвсэгт хүчний анги салбарууд Жанжин штаб, санхүүжилтийг "Эрдэнэс таван толгой" ХК-тай хийсэн гэрээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

-Тэгвэл говийн бүсэд ургаж байгаа модыг хэрхэн арчлах вэ? 

-Мод арчлалтын зохион байгуулалтыг БХЯ хүн хүчний асуудлыг Зэвсэгт хүчний анги салбарууд санхүүжилтийн асуудлыг Эрдэнэс-Тавантолгой компани хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнээс гарсан мод үржүүлэг, моднууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416  км төмөр зам дагуух элсний нүүдлээс хамгаалах ногоон зурвас байгуулах ажил эхний ээлжид хийнэ. Энэ 416 км зам дагуу ногоон бүс байгуулна гэхээр хүмүүсийн ой тойнд буухгүй байж магадгүй. Ингэхийн тулд мод үржүүлгийн газруудыг аль болох олноор байгуулаад тэр газартаа 2-3 жил тарьж, ургуулсан моднуудаа тухайн бүс нутагт төмөр зам дагуу тарьж ургуулна. Мөн автозам дагуу ногоон байгууламжтай болгоё гэж зорьж байна.  Энэхүү  зорилтын хүрээнд Зэвсэгт хүчин 27 сая модыг 2030 он гэхэд тарьж ургуулна гэсэн зорилттой байгаа. Арчлан хамгаалахтай холбоотойгоор зэвсэгт хүчний ангиуд дээр есөн мод үржүүлгийн газар хоёр агроэкологийн сургалтын төв байгуулна. Мөн дээрх модыг арчлан хамгаалахад зориулан бүх зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд албан ёсоор мэргэжилтэн бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар бид зэвсэгт хүчний хэмжээнд 25 сургагч багш бэлдсэн бол ХААИС, агроэкологийн сургууль дээр 1800 орчим алба хаагч, чөлөөндөө гарсан ахмадуудыг бэлтгэсэн гэдгийг хэлмээр байна. Эдгээр хүмүүсийг агроэкологийн сургалтын төв, мод үржүүлгийн газрууд дээр ажиллуулна. Зэвсэгт хүчний ангиуд дээр орон тооны экологийн мэргэжилтэн гэж томилсон. Энэ хүмүүс нь мод үржүүлэг, ургалт, технологи зэргийг нь хариуцна.

-Та Зэвсэгт хүчний ангиуд дээр мод үржүүлгийн газар байгуулна гэлээ энэ талаар тодруулна уу?  

-Арчилгаа усалгаатай холбоотой асуудал дээр бид Зэвсэгт хүчний бүх анги, нэгтгэлүүдэд  орон тооны экологийн мэргэжилтэн томилсон. Энэ мэргэжилтнүүд модны ургац, технологийг дагаж ургуулах ажлыг хийнэ. Мод үржүүлэг-агроэкологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022-2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9.504 сая ширхэг тарьц, суулгац бэлтгэж нийлүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ онд Зэвсэгт хүчний 014, 256, 336, 350, 353 дугаар ангиудыг жишиг эко ногоон хотхон болгохоор зорилт тавин ажиллаж байна.

-Төмөр зам, автозамын ажлууд дээр зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд ажиллаж байгаа энэ талаар?

-Цогтцэций төмөр замын суурь дэд бүтэц мөн терминалууд, ачиж буулгах талбай гэх мэтчилэн нэлээдгүй ажлууд бий. Жишээлбэл манай салбар Хангимандалын төмөр замын далангийн ажлыг зургадугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Тэгвэл тэнд ажиллаж байгаа манай ангийн дарга нар бид зургадугаар сарын 1 гэхэд ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн. Манай салбарын нэг онцлог бий. Тэр нь юу гэхээр 24 цагаар ээлжлээд ажилладаг. Хангимандалын төмөр замын ажил дууссаны дараа бид “Богдхаан” төмөр замд барилгынхаа ангийг татаж ажиллуулна. “Богдхаан” төмөр замын ТЭЗҮ гараад дуусчихсан байгаа Засгийн газрын хуралдаанаар санхүүжилт, бэлтгэл ажлуудыг нь ярилцаж бэлэн болсон. Мөн Дарханы замын дөрөвдүгээр багц дээр манай нэг анги ажиллахаар орсон. Хоёр сарын дараа ажлаа хүлээлгэн өгнө гэсэн. Асфальт тавихаас бусад ажлыг нь манай анги гүйцэтгэж байгаа далангийн хучилт, тэгшитгэх, индүүдлэг зэргийг хийж гүйцэтгэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бид асфальтан хучилтыг ч хийх боломжтой. Хуучин Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчийг 1000 өдөр төр тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэсэн философитой явж ирсэн бол өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн философитой ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг.

-Зэвсэгт хүчний дугаар ангиудын барилга байгууламжийн насжилт, орчны асуудлыг энд орхиж болохгүй. Тиймээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Тэгэлгүй яах вэ энэ бол маш чухал асуудал болсон. Шинээр цэргийн анги барьж байгуулах асуудал маш хүнд байдаг. Бид жилдээ хоёр тэрбум төгрөг төсөвлөөд түүнийхээ хүрээнд цэргийн ангиудад засвар үйлчилгээ хийдэг. Миний зүгээс офицер ахлагч нарийн ажлын өрөөг тохижуулж шинэчлэхээс илүүтэй хугацаат цэргийн алба хаагчдын амрах өрөөг нэг стандарт, нэг жишигтэй болгох шаардлага тавьж байгаа. Үүнийхээ хүрээнд “Жишиг анги, Жишиг хотхон” төслийг хэрэгжүүлж долоон том бригадаасаа Төв аймгийн 016 мотбуудлагын ангиа миний бие энэ бүрэн эрхийнхээ хугацаандаа жишиг анги болгоно. Цэргийн анги гэдэг дотор шаардлагатай зүйлс, гадна дотно тохижилтыг хийхээр санхүүжилтийг улсын төсөв болоод зэвсэгт хөгжлийн сангаасаа гаргасан. Олон газарт аар саархан жижиг ажлуудыг хийхийн оронд эхнээс нь шат дараатай ангиудаа шинэчлэхийг эрмэлзэж байна. Мөн манай анги байгууллагуудын удирдлагууд орон нутагтай маш сайн нягт хамтран ажилладаг учир орон нутгийн дэмжлэг, туслалцаа сайтай байдаг. Жишээ нь Дорноговь аймгийн удирдлагын зүгээс Зүүнбаян дахь 336 дугаар ангид автомашины асуудлыг шийдэхийн зэрэгцээ ирэх жил тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг ангийн засвар үйлчилгээнд оруулна гэдгээ илэрхийлсэн.

-Зэвсэглэл техникийг бэх­жүүлэх хүрээнд ямар бод­лого барьж ажиллаж байна вэ?

-Байлдааны зэвсэг техникийг шинэчлэх асуудлыг сүүлийн жи­лүү­дэд эрчимтэй хэрэгжүүлж бай­на. Өмнө нь зөвхөн ганц улс­тай хамааралтай байсан бол цэ­рэг техникийн харилцаатай зургаан ор­ноос зэвсэглэл техникийн шинэч­лэл хийж байна. Тех­никийн хувьд хамтын ажил­лагаатай орнуудын хөнгөн хуягт, байлдааны шинэ зэвсэг тех­никийг дотооддоо нэвтрүүлж байна.

Бид Зэвсэгт хүчнийхээ зэвсгийг шинэчлэх тал дээр дотооддоо бүтээх, турших, үйлдвэрлэх бодлого баримталж байгаа. Мөн энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн нэлээд судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд өнгөрсөн жилээс дотооддоо цэргийн зориулалттай техник, хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн сайжруулалтын шинж чанартай ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, манай зэвсэгт хүчний залуу инженерүүд анхны дрон, нисгэгчгүй нисэх төхөөрөмж хийсэн. Дээрээс нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид байлдааны шинэ техникийг өөрсдөө үйлдвэрлэж, байлдагч нэг бүрийн хувийн зэвсэглэлийн сайжруулалтын ажил хийж байна. Зуун жилийн босгон дээр бид ийнхүү дотоодын үйлдвэрлэлээ эхлүүлж, ард иргэддээ ёслолын жагсаалын үеэр бодитоор нь харуулах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн ойрын хугацаанд сумны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ удаагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд сумны үйлдвэрээ барина. Тэгэхээр байлдааны гэлтгүй ангийн зориулалттай сумаа ч үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Цаашид экспортлох ч бололцоотой гэж харж байгаа.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл батлан хамгаалахын төсөв хөгжлийн төсвийн хэмжээнд явж чадаагүй. Гэлээ ч батлан хамгаалахын салбар бүтээгч үйлдвэрлэгч байх зорилт тавьсан. Тодруулбал, 100 жилийн түүхтэй зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл нэг ширхэг ч буу, сум, галт хэрэгсэл үйлдвэрлэж байгаагүй.  Харин 2020 онд зэвсэгт хүчин 25 техникийг цэргийн инженер техникийн мэргэжилтнүүдийн хүчээр үйлдвэрлэсэн 

Тухайлбал, 1000 км-т холбоо барьдаг Монрадио станцыг үйлдвэрлэж, аналоги системтэй станцыг дижитал болгон шинэчилсэн байна. Эдгээрийг хийхэд нийт хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө харахгүйгээр бүтээн байгуулж байгаа зэвсэгт хүчний зэвсэг техникийг аажмаар шинэчлэх боломжтой байна. Энэ жил дотооддоо сумны үйлдвэр байгуулах эхлэлээ тавьж, 2023 онд дотооддоо бүх төрлийн буудлагын сум үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэсэн зорилт тавьсан. Түүнчлэн 2030 он гэхэд дэлхийн жишигт хүрсэн өндөр чадамжтай мэргэшсэн чадварлаг зэвсэгт хүчинтэй болсон байна гэсэн зорилтыг дэвшүүлж Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дараах үндсэн зорилтууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба таван ажлыг эхлүүлсэн. 

Мөн даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэх ариун үйл хэргийн эхлэлийг тавьсан, төр, цэргийн зүтгэлтнүүд, дипломат ажилтнууд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч нар хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчиддаа удахгүй тохиох “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин улс төр-дипломатын аргаар улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж. Үндсэн хуульд заасан гадаад бодлогын үзэл баримтлалд заасан бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Энэ нь аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаагаа хангаж байгаа нэг хэлбэр юм шүү.