ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор" тэмцээн гурван өдрийн турш амжилттай явагдаж, дүнгээ гаргалаа. Тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, дайчдад баяр хүргэсэн юм.
Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч энэ удаагийн тэмцээнд оролцож, онцлох төрлөөр ротын бүрэлдэхүүнийг нэрлэж байна. Хамгийн олон тамирчинтай, ширүүн өрсөлдөөнтэй энэ төрөл 1991 оноос хойш тасарсан байсан бөгөөд 2021 оноос албан ёсоор сэргээснээс хойш хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд зөвхөн Зэвсэгт хүчний ротууд оролцсоноос тэргүүн байрт хошууч генерал Б.Амгаланбаатар командлагч, ахмад Б.Ариунболд (016) захирагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын рот 0:48:55.53 амжилтаар, дэд байрт бригадын генерал Б.Баатар командлагч, цэрэгжлийн спортын мастер, ахмад Б.Цээноров (350) захирагчтай Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлалын рот 0:49:16.73 амжилтаар, гутгаар байрт дэслэгч генерал Д.Ганзориг дарга, цэрэгжлийн спортын мастер, ахмад С.Алтангэрэл (310) захирагчтай Зэвсэгт хүчний Жанжин штабын рот 1:24:12.43 амжилтаар тус тус шалгарлаа.
ЗХЖШ-ын ротод Зэвсэгт хүчний 013, 310, 311 дугаар ангиудаас шалгарсан тамирчин дайчид багтаж, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Б.Лхагвабаатар, ХЗЦК-ын ротод Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119, 186, 256, 326 дугаар ангийн шилдэг алба хаагчид багтаж, дасгалжуулагчаар ХЗЦК-ын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн Биеийн тамир, спортын офицер, дэд хурандаа С.Энхтайван, ТХЦК-ын ротод Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангийн шилдэг тамирчин дайчид багтаж, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Э.Амартүвшин нар ажилласан юм.
Байнгын бүрэлдэхүүний салаагаар Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ гэсэн найман байгууллагын шилдэг алба хаагчид мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулахад тэргүүн байрт дэслэгч генерал Д.Ганзориг дарга, ахлах дэслэгч М.Цэрэнням захирагчтай ЗХЖШ-ын байнгын бүрэлдэхүүний салаа 0:27:51.61 амжилтаар, дэд байрт хошууч генерал Г.Ариунбуян дарга, дэслэгч А.Нямбаяр захирагчтай ОБЕГ-ын байнгын бүрэлдэхүүний салаа 0:48:51.66 амжилтаар, гутгаар байрт хурандаа Р.Чингис дарга, дэслэгч Б.Бумбаяр захирагчтай Дотоодын цэргийн штабын байнгын бүрэлдэхүүний салааны дайчид 0:55:35.90 амжилтаар шалгарч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нараас шагналаа гардан авсан юм.
Тэгвэл “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”-ны төрөлд ЗХЖШ, ХЗЦК, Дотоодын цэргийн штаб, ҮБХИС, ДХИС гэсэн таван байгууллага оролцсоноос тэргүүн байрт дэслэгч генерал Д.Ганзориг дарга, ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн захирагчтай ЗХЖШ-ын хугацаат цэргийн алба хаагчдын салаа 0:39:54.27 амжилтаар, дэд байрт бригадын генерал П.Жаргалан захирал, ахмад Т.Бямбацогт захирагчтай ҮБХИС-ийн сонсогч нарын салаа 0:44:20.61 амжилтаар, гутгаар байрт хошууч генерал Б.Амгаланбаатар командлагч, дэслэгч Л.Мөнхбат захирагчтай Хуурай замын цэргийн командлалын хугацаат цэргийн алба хаагчдын салаа 1:08:24.42 амжилтаар хошуучлан манлайлав.
Дээрх салааны дасгалжуулагчдаар дэд хурандаа Г.Дүнжингарав, дэд хурандаа Ж.Батсайхан, ахмад З.Өнөрбек нар ажилласан юм. Мянга мянган дайчдаасаа шалгаран энэхүү тэмцээнд оролцож, тэргүүлж байгаа явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх онцгойлон баяр хүргэж байлаа.
Төгсгөлд нь онцлох тамирчид бол эмэгтэй цэргийн алба хаагчид юм. Энэ жил Зэвсэгт хүчин, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, ХХЕГ, ОБЕГ, ҮБХИС, ДХИС, Дотоод цэргийн штаб гэсэн 9 байгууллагын эмэгтэй цэргийн алба хаагчид тасгаар оролцож, ур чадвараа сорин өрсөлдөхөд тэргүүн байрт дэслэгч генерал Д.Ганзориг дарга, олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч Н.Ууганцэцэг (311) захирагчтай ЗХЖШ-ын тасаг 0:27:01.15 амжилтаар, дэд байрт бригадын генерал П.Жаргалан захирал, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч П.Ганзаяа (284) захирагчтай ҮБХИС-ийн тасаг 0:30:56.52 амжилтаар, гутгаар байрт хурандаа П.Батбаатар захирал, дэслэгч Г.Чимэгсүрэн захирагчтай ДХИС-ийн тасаг 0:32:57.03 амжилтаар тус тус шалгарав. Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэр цог жавхаалаг мөрдэстэй эмэгтэйчүүдээ хараад бахархал, омогшил дүүрэн байгааг уламжлаад энэ тэмцээнд эмэгтэй цэргийн алба хаагчдаа бэлтгэн оролцуулсан бусад төрийн цэрэг болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Соёмбо редакц